Зургаан аймгийн 15 суманд цасны зузаан 35 см-т хүрчээ


Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна. Тиймээс ирэх амралт, баярын өдрүүдэд иргэд сонор сэрэмжтэй байж, хүчтэй салхи шуургатай үед хол замд гарахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж, мэдээлэл хийлээ.
Нийт нутгийн 40 гаруй хувьд цастай байна. Булган аймгийн Баяннуур, Бугат, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант сум, Завхан аймгийн Сонгино сум, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сум, Өвөрхангай аймгийн Бүрд, Есөнзүйл сум, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхонтуул сум, Төв аймгийн Баян-Өнжүүл, Лүн сум гээд зургаан аймгийн 15 суманд орсон цасны зузаан 21-35 см-т хүрчээ. Харин Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Булган аймгийн Могод, Сэлэнгэ, Хишиг-Өндөр сум, Дорнод аймгийн Халхгол сум, Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс, Цэцэн-Уул сум, Сүхбаатар аймгийн Асгат, Мөнххаан, Сүхбаатар сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Бүрэн, Жаргалант, Цээл сум, Увс аймгийн Баруунтуруун, Малчин, Тариалан, Хяргас сум, Хэнтий аймгийн Өндөрхаан, Мөрөн гээд нийт есөн аймгийн 24 суманд 11-20 см зузаан цастай, өвөлжилт хүндхэн байгааг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар мэдээллээ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН АВРАГЧИД 136 ХҮНИЙ АМЬ НАС АВАРЧЭЭ
Улсын хэмжээнд 2017 онд нийт 4182 удаа аюулт үзэгдэл, осол тохиолджээ. Ослын улмаас 203 хүн амь насаа алдаж, 62 хүн гэмтэж бэртсэн байна.Мөн 538.6 мянган толгой мал хорогдож, 96.7 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.
Харин Онцгой байдлын шуурхай утсанд эрэн хайх, аврах ажиллагааны 387, тээврийн хэрэгслийн ослын 104, нийт 491 дуудлага иржээ.Давхардсан тоогоор онцгой байдлын албаны 3037 аврагч, 603 автомашин ажиллаж, 2735 хүнд анхны тусламж үзүүлэн, 136 хүний амь насыг аварсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ