Элэгний С вирусийн эсрэг эмийг үнэгүй олгохоор боллоо

ЭМЯ, "Монгол эм импекс" концерн хамтран элэгний С вирусийн эмийн эмчилгээний иргэдээс гарах зардлыг тэглэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр өвчтөнд очих эмийн хүртээмж нэмэгдэж, эмийн эмчилгээний иргэдээс гарах зардлыг бүрэн хөнгөлөн, "Ледвир" эмийг өвчтөн үнэ төлбөргүй авах боломж бүрдэж байгаа юм.ЭМЯ-наас элэгний С вирусийн өвчлөлийг бууруулах, эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмчилгээний зардлыг бууруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ удаад "Mylan" компанитай хамтран элэгний С вирусийн "Ледвир" эмийг өвчтөн ийнхүү үнэ төлбөргүй авах боломжтой боллоо.

Элэгний С вирусийн эсрэг "Ледвир" эм нь 2016 оны дөрөвдүгээр сарын 29-нд албан ёсоор Монголын эмчилгээнд хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 9000 гаруй хүн энэхүү эмийн эмчилгээнд хамрагдаж эмчлүүлсэн байна. Энэхүү эм нь С вирусийг 99 хувийн үр дүнтэйгээр эмчилдэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулсан бүтээгдэхүүн юм. Уг эм 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн даатгал төлдөг иргэдэд үнэ төлбөргүй олгогдохоор боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ