Х.Баттулга, У.Хүрэлсүхтэй 2017 он


Өнгөрөн одож буй 2017 онд Монголд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Улстөрд
Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдов
2017 оны хамгийн том онцлох үйл явдлын нэг бол Ерөнхийлөгчийн сонгууль байлаа. Долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 26-нд болж,М.Энхболд (МАН) нийт сонгогчдын 30.3, Х.Баттулга (АН) 38.1, С.Ганбаатар (МАХН) 30.19%-ийн санал авав. Нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадаагүй учир түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт болсон билээ.
Ингээд дахин санал хураалтыг долоодугаар сарын 07-нд явуулж, хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигч өрсөлдөж М.Энхболд 41.16%-ийн санал авсан бол Х.Баттулга 50.61%-ийн санал авснаар тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдов.
Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль өмнөх сонгуулиудтай харьцуулахад хамгийн бага (62.85%) ирцтэй нь байлаа.
Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлэв
УИХ-ын чуулганаар нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан Зөрчлийн тухай хууль долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ.
Уг хуульд орон сууцад бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, төмөр замын гарамгүй газраар гарах, дархлаажуулалтад хамрагдахгүй, олон нийтийн газар бие засаж, нус цэрээ хаях зэрэг иргэдийн өдөр тутмын амьдралд гардаг зөрчилд торгууль ногдуулахаар хуульчилсан нь сонин содон байв. Зөрчлийн хуульд хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараавал торгох заалт оруулсан юм.
МАН-ын бүлэг засгаа огцруулж, даргаа солив
2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж олонх болсон МАН-ынхан өөрийн Засгийн газраа унагаж, шинэ ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилсон.Ийнхүү У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар аравдугаар сарын 4-нд томилогдож улмаар барьц ахиулж Монголын хамгийн ууган улстөрийн хүчин МАН-ын даргаар сонгогдож эрх баригч намын хэрүүл нэг мөр болж санаа амрав.
Мөн иргэн Г.Доржзодовын дэлгэсэн "60 тэрбум"-ийн хэргийн дуулиан ч энэ жил үргэлжилж улмаар энэхүү бичлэгт нэр холбогдсон Ц.Сандуй НИТХ-ын даргын ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ.
Ц.Нямдорж VS Б.Хурц
Хууль Зүй Дотоод Хэргийн сайдаар Ц.Нямдорж томилогдсон даруйдаа С.Зоригийн хэргийг төрийн нууцаас гаргах саналыг Засгийн газарт оруулна гэж байв. Харин энэ мэдэгдэлтэй холбогдуулан тухайн үеийн Тагнуулын Ерөнхий Газрын дарга Б.Хурц аравдугаар сарын 26-ны өдөр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг уг хэргийг удаа дараа гацаасан, ажлын хэсгийг дөрвөн удаа тараасан гээд мөн салбарын сайдыгаа “Эрдэнэт Үйлдвэр”-т шахаа хийдэг гэх баримтаас дэлгэв.
Гэсэн ч Засгийн газрын 2017 оны арванхоёрдугаар сарын 1-ний хуралдаанаар С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой хавтаст материалаас хэсэгчлэн нууцын зэрэглэлээс гаргахаар шийдвэрлэсэн юм. Харин ТЕГ-ын даргын албаас буусан Б.Хурц УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанаас БНСУ-д суух Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдоод байна.
“Эрдэнэт Үйлдвэр”-ийн ТУЗ-ийг төрөөс бүрдүүлэхээр болов
2016 оны сонгуулийн дараа шинээр бүрдсэн УИХ 2017 оны хоёрдугаар сарын 10-нд “Эрдэнэт Үйлдвэр”-ийн хувьцааг 100% төрийн мэдэлд авах тогтоолыг баталсан билээ. Улмаар гуравдугаар сарын 29-ний Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг 100% төрөөс бүрдүүлэхийг үүрэг болгов.Ингэж Монголын тал дахь 51% дээр нэмэх нь 400 сая доллар ОХУ-д төлж 49 хувийг худалдаж авсан “Монголын Зэс Корпораци”-ийг Хувьцаа эзэмшигчид болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралд оролцуулалгүйгээр “Эрдэнэт Үйлдвэр”-ийн ТУЗ-ийг төрөөс томилсон юм.
Нийгэмд
Хүчирхийллийн хэргүүд нийгмийг цочроов
Энэ онд бага насны охидыг хүчирхийлсэн олныг цочирдуулам хэд хэдэн хэрэг гарч энэ бүгдийн эсрэг “Нүдээ нээ” гэх мэт нийгмийн хариуцлагат аян өрнөлөө.
Харин төр засгийн зүгээс (Цаазаар авна гэснээс өөр) хүүхдийн хүчирхийллийн эсрэг дорвитой ахиц, шат гаргасан зүйлгүй. Ердөө хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн асны охин өөрийгөө хүчин, хар тамхины хэргийн хохирогч болсон тухайгаа олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн нь дуулиан дагууллаа.
Энэ хэргийг Цагдаагийн Ерөнхий Газраас шалгаж эхэлсэн тухай 12 дугаар сарын 18-нд албан ёсоор мэдэгдээд байна.
Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг үнэгүй хийдэг болов
Элэгний хавдар нь Монголд өндөр тохиолдолтой хавдар бөгөөд жилд 1,900 орчим хавдар оношлогдож байна.Манай улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 85 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж иржээ. Энэ жил уг асуудлыг шийдэж, мэс заслын зардлыг төрөөс хариуцдаг боллоо. Жилд дунджаар 30 орчим хүн санхүүгийн болон донорын хүртээмжгүй байдлаас болж элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж чадахгүй хүлээгддэг байжээ. Энэ оны гуравдугаар сард Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэгийн санаачилгаар “Эрхтэн шилжүүлэн суулгах (элэг, бөөр, ясны чөмөг) мэс заслын зардлыг төрөөс хариуцуулах” асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн юм.
"Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдав
Энэ оны тавдугаар сарын 25-ны өдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж Монгол Улс ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдсаныг албан ёсоор зарлав. Ингэснээр манай улсад 5.5 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтийн гарцыг нээж Монгол Улс шинэ "өртэй"-гөө золгосон билээ. Хөтөлбөрт орсноор төсвийн алдагдал, гадаад өрийн дарамтыг бууруулахын тулд 7 төрлийн татвар нэмэх бодлого хэрэгжүүлэхээр болсон.
Багш, эмч нар цалингаа нэмүүлэхийг шаардав
Эрх баригч МАН-ын 65-ын бүлэг хоёр хуваагдан улс төрд тогтворгүй байдал үүсэх үеэр багш нар цалингаа нэмүүлэхийг шаардсан жагсаал цуглаан зохион байгуулж, ажил хаяж эхэлсэн билээ. Удалгүй эрүүл мэндийн салбарынхан “тэсэрч” цалингаа 50 хувиар нэмүүлэхийг шаардаж, түр хороогоо байгуулсан. Соёл урлагийн салбарынхан ч цалин нэмүүлэх хөдөлгөөнд нэгдэж буйгаа илэрхийлж амжив.
Отгонтэнгэр ууланд үрэгдсэн 17 амь
Отгонтэнгэр ууланд 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 10 иргэн уулнаас бууж, 17 иргэн сураггүй болсон тухай дуудлага 2017 оны аравдугаар сарын 22-ны 14:30 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт ирсэн юм.
Эрлийн үйл ажиллагааг зохион байгуулахад нийт 225 төрийн албан хаагч, орон нутгийн иргэд оролцсон байна. Онцгой байдлын байгууллага цасан нурангитай ажиллах туршлага бага байсан хэдий ч далайн түвшнөөс дээш 3,200 метрийн өндөрт 50 см-ээс 3 метр орчим цасан нурангинд эрлийн ажиллагааг зохион байгуулжээ. Аврагчид гурван өдрийн турш хайсны эцэст сураггүй болсон 17 иргэнийг бүгдийг нь амиа алдсан байдалтайгаар олдсон гэх харамсалтай мэдээг дуулгасан билээ.
Гурван сая хүн амтай улс нэг өдрийн дотор 17 иргэнээ зуурдаар алдана гэдэг маш том гарз хохирол юм. Амь насаа алдсан 17 иргэнд зориулж Монгол Улсын төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүд эмгэнэл илэрхийлсэн юм.
Спорт
Сайнтай, саартай тамирчид минь
2017 онд спортын салбарт тэр дундаа бөхийн төрлүүдэд амжилтаа бататгасан, ахиулсан жил байв.Жүдогийн төрөлд Д.Сумьяа 2017 оны ДАШТ-ээс алтан медаль хүртэж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнууллаа.
Чөлөөт бөхийн төрөлд ОУХМ П.Орхон “Парис-2017” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д алтан медаль хүртэж Монгол Улсын Гавьяат тамирчин болсон билээ.
Сүмогийн төрөлд Хакухо М.Даваажаргал 39 дэх түрүүгээ хүртэж, 1,050 дахь даваагаа авч бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон даваа авсан сүмоч болоод байна.Мөн "сайны хажуугаар саар" гэгчээр мэргэжлийн сүмогийн 70 дахь, гадаадын 5 дахь, Монголын 3 дахь ёкозүна Харүмафүжи нутаг нэгт сүмоч Таканойва А.Баасандоржийг зодож хүнд гэмтээж улмаар зодог тайлахад хүрсэн юм.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ