Гацуур мод чимдэг уламжлал хаанаас эхтэй вэ?


Энэ уламжлал хоёр мянга гаруй жилийн түүхтэй.Хэн үүний эхлэлийг тавьсан нь яг тогтоогдоогүй ч, энэхүү уламжлалт Германаас үүдэлтэй гэж олон судлаач санал нэгтэй үздэг байна.
Эрт үед Германы омгууд байгалийг бурханчлан шүтдэг байжээ. Тэд ой мод хүнийг элдэв хорон муу зүйл болон байгалийн таагүй үзэгдлээс хамгаалдаг байсан гэдэгт итгэдэг байжээ. Ялангуяа хүмүүс мөнх ногоон гацуур модыг ихэд эрхэмлэн үздэг байсан бөгөөд ийм мод нь намар цагт навчаа гүвдэг навчит модуудыг бодвол, мөнхийн хүчээр дүүрэн байдаг гэж эртний хүмүүс үздэг байсан байна.
Шөнө нь өдрөөсөө урт болдог өвөл цагт ойн амьтад онцгой хүчтэй болдог хэмээн үздэг байжээ. Анчдыгтөөрүүлж, аминд нь хүрдэг хүйтэн жавар, салхи шуургыг ногоон гацуур модны хүч дийлдэг гэдэгт хүмүүс итгэдэг байжээ. Тиймээс тэд ойн амьтдын дэм тусыг авахын тулд тэдгээрийг аргадахаар оролддог байсан аж.
Хүмүүс сүнс оршдог хэмээн үздэг гацуур модыг хатаасан үр жимс, янз бүрийн амттан, өнгөт даавуугаар чимж,харин тайлгач нар онцгой зан үйл үйлддэг байсан байна. Үүний дээр зарим омгийнхонд гацуур мод нь мөнхийн амьдрал, байгалийн буянтай хүчний бэлгэдэл болж байсан аж. Тиймээс ийм зан үйл нь эрүүл мэнд, хөгжил цэцэглэлтэй холбоотой байжээ. Улмаар ойгоос гацуур модыг тайрч,гэртээ авчирч, чимдэг болсон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ