Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл эхэлнэ


Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 04-20-ны өдрүүдэд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн цэргийн штабаас мэдээлэл өглөө.
Цэргийн бүртгэл Засаг захиргааны анхан шатны нэгж болох Хороодын засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 8.30-19.00 цагт, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд явагдана.Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар "УИХ-аар цэргийн албан хаагчийн тухай хууль шинээр гарсан. Энэ хуулиар жил болгон цэргийн бүртгэл явуулж, иргэд цэргийн бүртгэлд бүрэн хамрагдах ёстой байдаг. Цэргийн бүртгэлд 18-50 насны цэргийн үүрэг хүлээх залуучууд бүгд хамрагдана. Бэлтгэл офицерууд 60 нас хүртэл бүртгүүлдэг" хэмээн онцоллоо.
Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Монгол улсын зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалт Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, эсхүл дайчилгааны сургууль, цугларалт, цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг нэг зуун нэгж /1 нэгж 1000 төгрөг/-ээр торгох хуулийн заалттай аж.
Нийслэлийн засаг даргын тамгын газрын Цэргийн штабын зүгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цэргийн бүртгэлдээ иргэнийхээ үүргийг ухамсарлан цаг хугацаандаа идэвхитэй оролцохыг хүслээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ