"УИХ-ын гишүүд иргэдийнхээ халаасанд битгий гар дүр"

Монголын төмөр замчдын ҮЭХ-ноос татвар, тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын Төмөр замчдын ҮЭХ-ны дарга Б.Баяраа "Төмөр замчид бид төр засгаа хүлээсэн. Өнгөрсөн 12 дугаар сард МҮЭХ-ны төлөөлөл, Нийгэм Хамгааллын байнгын хорооны дарга, Ерөнхий сайдтай энэ асуудлаар уулзсан. Гэвч ямар ч хариу өгөөгүй, үр дүнд хүрсэн. Тиймээс бид өнөөдөр ийнхүү мэдээлэл хийж, дараагийн зохих арга хэмжээ, тэмцлийн хэлбэрт шилжсэнээ мэдэгдэж байна.

Манай төмөр замчид ширээний ард сууж байгаад олсон орлогоосоо татвар төлдөг юм биш. Өдөр шөнөгүй нойр хоолоо хасаж, ар гэрээ умартан, ажлын хүнд хэцүүг үүрч, хэвийн бус нөхцөлд ажилладаг. Тэдний авч буй мөнгө цалин гэхээс илүү гаргаж буй хүч, энергийнхээ оронд авч буй нөхөн төлбөр гэсэн үг. Тэгэхээр энэ татвар тэдний амьжиргааны түвшинд халдсан сөрөг үр дагавар гэж үзэж байна.

Улаанбаатар Төмөр зам нийгэмлэг 15 мянган ажилчинтай. Тэдний 50 гаран хувь буюу 7,771 хүн хэвийн бус нөхцөлд ажилладаг. Үүний 30 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тэд 50 нас хүрээд тэтгэвэрт гарах ёстой. Гэвч тэдний тэтгэвэртэй гарах насыг жил бүр зургаан сараар шат дараалалтай ахиулж байна. Энэ үйлдэл өөрөө нийгэмдээ зохицохгүй.

Энэ хүмүүсийн ард олон хүүхэд гэр бүл нь бий. Тэдний орлого нь төрд илүү орлого мэт харагдаж байгаа нь улс төрчид ард иргэдээ харж буй харалган үзлийн илрэл гэж ойлгож байна.

Дараагийн удаа бид тэмцлийн олон хэлбэрийг сонгоход бэлэн гэдгээ төмөр замчид төрд анхааруулж байна" гэсэн юм.

Монголын Төмөр Замчдын ҮЭХ-оос Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тус шийдвэрээ эргэн харж, зохистой шийдвэрт хүрэхийг хүссэн мэдэгдэл хүргүүлэхээр бэлджээ.

Улаанбаатар Зүтгүүрийн Депогийн ҮЭ-ийн дарга Б.Наранхүү "2014 онд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ тогтоолгоод хөдөлмөрийн хүнд биш, хортой нөхцөлд ажиллаж байна гэдгийг нь мэргэжлийн байгууллага тогтоогоод өгсөн. Тэгэхэд төр хуруугаа ч хөдөлгөөгүй дөрвөн жил шахуу явчхаад тэтгэврийн насыг нь нэмээд одоо татвар нэмж байгаа нь зөв үйлдэл үү?

Төмөр замчид эрүүл мэнд, амьдралаа золиосолж байж хэдэн төгрөгийн илүү цалин авч байгаа. Үүнээс илүү татвар авах нь зөв юм уу? Яагаад өөр гарц, шийдэл олж чадахгүй байна вэ? Бид энэ хууль батлагдахаас өмнө бүх ажилчнаасаа гарын үсэг цуглуулан Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, БГД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн. Гэвч ямар ч арга хэмжээ авсангүй.

Эрхэм хурлын гишүүдээ, бид та нарыг ингэ гэж сонгоогүй шүү дээ. Битгий ажилчдынхаа халаасанд гар дүр. Манай зүтгүүрийн машинч туслах 55 насандаа тэтгэвэрт гардаг. Тэтгэвэрт гараад гурван жилийн дотор ажилчдын 50 хувь нь нас бардаг. Тэгэхээр ямар нөхцөлд ажиллаж байгаа нь үүнээс тодорхой харагдаж байна. Эдгээр хүмүүс 60 нас хүртлээ ажиллана гэхээр галт тэрэгний аюулгүй байдал яах вэ?Дахиж энэ ажлыг хийхэд чадвар, бие нь хүрэхгүй, энэ ажилд тэнцэхгүй гээд тэтгэвэрт гаргаж байгаа.

Гэтэл ямар ч тооцоогүйгээр тэтгэврийн насыг нэмчихлээ. Энэ бол маш харгис шийдвэр" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ