Дараагийн нүүлгэх захаар "Да хүрээ"-г сонгоё!

Галт тэрэгний төв буудал буюу вокзалын баруун талд байрлах “1,000 машины зогсоол”-ын газрыг өчигдөр мөн чиг олон юм болж байж чөлөөлж чадлаа.

Одоо харин үргэлжлүүлээд хотод түгжрэл, иргэдэд бухимдал үүсгэсэн бусад захуудыг дээрх жишгээр нүүлгээд, нүүлгээд явчих хэрэгтэй юм. Тухайлбал, одоо үргэлжлүүлээд хотын зах руу нүүлгэх ётой газар бол “Да хүрээ”. Энэхүү захын хувьд анх газрын гэрчилгээгээ авахдаа орон сууцны байр барих зориулалтаар авсан байдаг. Ингэж зориулалтын бусаар техникийн зах ажиллуулсаар олон арван жил болж буй. Гэтэл захыг албадан нүүлгэх шийдвэрийг газар эзэмшигчид олон жил эсэргүүцэж, бизнес эрхлэгчдийг турхирч байгаа нь ердөө л амин хувиа хичээсэн зантай нь шууд холбоотой. Иймд нийслэлийн ИТХ нь тогтоол, Засаг дарга нь захирамж гаргасан хойно Улаанбаатар хотод амьдарч буй нэг сая гаруй иргэний нийтлэг эрх ашгийн төлөө төр төмөр нүүрээ үзүүлэх л хэрэгтэй боллоо.

Угтаа авто худалдааны цогцолборт газрыг нь шийдэж өгөөд, банк, нотариат, даатгалын салбарыг хүртэл байгуулчихсан. Гэтэл нүүдэггүй. Да хүрээд зөвхөн машин зардаг юм биш. Албаны хүний мэдээлснээр “Да хүрээ” орчимд 60 орчим авто үйлчилгээ, угаалга, дугуй засварын газар байдаг аж. Тэдгээр авто үйлчилгээний газруудын хог хаягдал, тос масло хаашаа орох билээ. Хөрсөнд л шингэж таарна шүү дээ. Тэгээд байнга машин асааж, унтраана. Тэр хэрээрээ агаарын бохирдол нь ч нэмэгдэнэ.

Хамгийн гол нь “Да хүрээ” захыг тойроод Баянзүрх дүүргийн 2-3 хорооны иргэд амьдарч байгаа. Нийслэлийн нэг хороо 8-10 мянган хүнтэй гэж тооцвол тэр хавьд 30 орчим мянган хүн амьдарч байна. Эдгээр хүмүүсийн эрүүл мэнд ноцтой хохирно гэсэн үг. Ерөөс сүүлийн үед хүүхдүүдийн цуснаас хар тугалга маш ихээр илэрч байгаа. Цаашлаад томчуудын биенээс ч гэсэн маш их илэрсэн. Тэр дундаа “Да хүрээ” захын ойр орчимд амьдарч байгаа айлуудын хүүхдүүдийн биеэс хар тугалга бүр илүүтэй илэрч байгаа албан бус судалгаа ч байгаа юм. Нэрэн дээрээ 200 ченжийн эрх ашиг гэж байгаа боловч нэдэр дээрээ хэдхэн түрээслүүлэгчийн л асуудал.

Ер нь л зах гэдэг нэрнээсээ л захад байх зориулалттай худалдааны төвүүдийг хамгийн түрүүнд нүүлгэе. Хотын мэр С.Батболд захуудыг зах руу нүүлгэх зоримог шийд гаргачих юм бол замын түгжрэлийг бууруулаад зогсохгүй хөрсний бохирдол, эрүүл ахуйн асуудлыг нь хамтад нь мартаж болох юм. Тиймээс хотын даргаас өчигдрийнх шиг нэг л зоригтой, дорвитой шийдвэр гарчихвал “Да хүрээ”-г төвөггүйхэн нүүлгэж орхино. Олны эрх цөөнхийн ашгаар олон жил хашигдлаа. Одоо цэгцлэх цаг нэгэнтээ болсон.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ