Эрдэнэтийг төрд, Чингис бондыг тивд "өгсөн" долоо хоног

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.
АН: "ЗГ татвар нэмсэн нөхцөлүүдээ эргэж хар"
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан /2018.01.03/ боллоо. Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Эрх баригч хүчин 2017 онд бүтээн байгуулалт хийсэнгүй, Засгаа газраа огцруулсан нь дуулиантай явдал байлаа. Татвартай холбоотой асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлнэ. Татвар нэмсэн нөхцөлүүдээ эргэж хар. Эдийн засаг өсөж байгаа юм бол татварыг зайлшгүй авах шаардлага мөн үү гэдгийг нягталж цуцлах, хуулийн төсөл өргөн барь” гэв.
"Төв банкны Ерөнхийлөгчийн цалингийн хэмжээг УИХ тогтооё"
УИХ-ын чуулганы хуралдаанаар Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Ханшийг хариуцах эзэнтэй болж байгаа. Монголбанкны Ерөнхийлөгчийн цалингийн хэмжээг УИХ тогтоодог байхаар төсөлд тусгамаар байна. Монголбанкны Ерөнхийлөгч төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд нийцсэн цалин хангамж авна гэж хуулийн төсөлд тусгасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөд байна. Яагаад хууль зөрчсөн төсөл оруулж ирж байгаа юм бэ" гэлээ.
Эрдэнэтийг 100 хувь төрийн мэдэлд авах шийдвэр гаргав
Засгийн газар /2018.01.04/ ээлжит бусаар хуралдаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Эрдэнэтийн 49 хувийг төрийн өмчид буцааж авах шийдвэрийг гаргалаа. “Монголын зэс” корпорацийн эзэмшиж байгаа 49 хувийг УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолд заасны дагуу харилцан суутгах замаар барагдуулж авна” гэв.
Чингис бондын өрийг төлөв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Сангийн яаманд ажиллаа. Тэрээр энэ үеэр 2012 онд олон улсад гаргасан Чингис бондын 500 сая ам.долларын өрийг хөрөнгө оруулагч нарт төлсөн юм.
Монгол Улсын Засгийн газар нийт 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын зах зээл дээр арилжаалсан. Энэхүү Чингис бонд 2018 онд төлөгдөх 500 сая ам.доллар, 2022 онд төлөгдөх 1 тэрбум ам.доллараас бүрдсэн. Үүнээс Чингис бондын 500 сая ам.долларын үндсэн төлбөр 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр эргэн төлөгдөх нөхцөлтэй аж.
"Эрх баригчид Чингис бондыг буруугаар ойлгуулж байна" гэв
Татварын нэмэгдэл, өрийн тааз, мөнгөний бодлого, зээлийн хүү зэрэг асуудлаар Ардчилсан намаас өчигдөр мэдээлэл хийлээ. Ардчилсан намын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд "Эрх баригчдын зүгээс хулгай луйвар дээрмээ өмнө нь эрх барьж байсан АН-ын алдааг цайруулах гэж байгаа мэтээр буруу тайлбарлаж байна. Өнгөрсөн хугацаанд АН Засгийн газраа байгуулснаас хойш 2.4 их наяд төгрөгийг босгосон. Тэгвэл энэ мөнгө юунд зарцуулагдсан гэдэг нь тодорхойгүй байна. Чингис бондыг хүмүүст маш их буруугаар ойлгуулах гэж байна” гэлээ.
"Утааны эсрэг онц байдлаа зарлая, тогтоолоо батлая"
Агаарын бохирдолтой тэмцэх УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хороогоор дахин хэлэлцүүлсний дараа санал хурааж, батлахаар боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Агаарын бохирдлын асуудлыг онц байдлын хэмжээнд авч үзэх шаардлагатай байна. Засгийн газар Эрдэнэт, С.Зоригийн асуудал дээр зоригтой шийдэл гаргалаа. Одоо агаарын бохирдлын асуудалд зоригтой шийдэл гаргаад 500 тэрбум төгрөгийг нь тавьж өгөөд ташуурдахад ирэх онд бид утаагүй болж болно. Бээжин утаагүй болчихлоо. Лондончууд 2 жилийн дотор утаагүй болсон. Утааны эсрэг онц байдал зарлах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн асуудал зөв. Утааны эсрэг онц байдлаа зарлая, тогтоолоо батлая" гэв.
Х.Баттулга: УИХ-ыг тараах санаачилга гаргана
УИХ-ын чуулганаар агаарын бохирдолтой тэмцэх асуудлаар хэлэлцлээ. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга "Онц байдлын хэмжээнд утааг авч үзэх талаар санал гаргасан. Өнөөдөр харамсалтай нь ирц их муу байна. 2017 оны 1 дүгээр сарын 10-нд ҮАБЗ хуралдаад НЗД болон бусад яамдуудад тодорхой зөвлөмж өгсөн байна. Харамсалтай нь нэг нь ч биелээгүй байна. Тиймээс ҮАБЗ гэж байгаад яадаг юм. Утаа бол бидэнд тулгараад буй гай гамшиг. Үүнийгээ л бид шийдэх хэрэгтэй. Сэтгэл зүрх байхгүй учраас бид өнөөдөр үүнийгээ шийдэж чадахгүй байна. Ийм байдлаар ажиллавал УИХ-ыг тараах санаачилга гаргана шүү” гэв.
Нийгэмд
"Шидэт толь" төв нээгдэв
Гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, гэр бүл салалтаас урьдчилан сэргийлэх зорилготой гэр бүл, хүүхдэд зөвлөгөө өгөх "Шидэт толь" төв нээгдлээ. Тус төвийн өрөө нь хүүхдийн тоглоомын өрөө, ганцаарчилсан ярилцлагын өрөө, ажиглалтын өрөө гэсэн гурван хэсгээс бүрджээ.
Тоглоомын өрөө нь бүх насны хүүхэд тоглох тоглоом болон сэтгэл зүйн сорил, хүүхдийг тайвшруулан сэтгэл зүйн байдлыг тодорхойлох боломжтой юм. Эхний ээлжид энэ өрөөнд орсон хүн бүр тайван байдлыг мэдэрч, сэтгэл зүйгээ ил гаргахад дөхөм болохоор олон улсын стандартын дагуу хийсэн байна.
"Бид улстөрийн амлалтын золиос болж байна" гэв
"Монголын зэс корпораци" ХХК-иас цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тус компанийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар "Засгийн газрын нэр бүхий гишүүд хэвлэлийн хурал хийж манай компанийг Засгийн газартай гэрээ хийсэн мэтээр мэдээлсэн. Бидний зүгээс Засгийн газартай ямар нэгэн гэрээ хийгээгүй. Бид улстөрийн хугацаатай амлалтын золиос болж байна” гэв.
Дэлхийд
Иранд мөргөлдөөний үеэр 21 хүн амь үрэгджээ
Бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, ажилгүйдэл ихсэж, авлига газар авч буйд дургүйцсэнээс болоод Иранд хэдэн өдрийн өмнө жагсаал, эмх замбараагүй байдал эхлэсэн юм. Интерфакс агентлагийн мэдээлснээр эсэргүүцлийн арга хэмжээний үеэр тус оронд 21 хүн амь үрэгджээ.
Хоёр Солонгосын холбооны тусгай шугамыг сэргээв
Ким Чен Уны шийдвэрээр сүүлийн хоёр жилд анх удаа хоёр талын холбооны тусгай шугамыг сэргээсэн тухай БНАСАУ-ын төв телевизээр мэдээлжээ. Умард Солонгосын удирдагч Пёнчаны өвлийн олимпийн наадамд БНАСАУ-ын шигшээ багийг оролцуулахаар шийдвэрлэснээ нэгдүгээр сарын 1-нд зарласан билээ.
Умард, Өмнөдийн төлөөлөгчдийн анхны уулзалт 38 дугаар зэргэдийн цэрэггүй бүсийн доторхи Пханмунжомд нэгдүгээр сарын 9-нд болох аж.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ