Орон нутгийн замд осол гарч, нэг хүн амиа алджээ


Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар их хэмжээний цас орж, замын нөхцөл байдал хүнд байсан талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Эдгээр өдрүүдэд тус албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 506 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 387 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нэг хүний амь нас хохирч, 18 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртжээ.
Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчлийг илрүүлэн шалгаж байна. Харин орон нутгийн замд ноцтой зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ.
Тухайлбал 2017.01.07-ны өдөр 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг асфальтан замд Lexus470 маркийн автомашины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч 25-30 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
Мөн өчигдөр СХД-ийн 21-р хорооны нутаг Жаргалант сумын нутаг Рашаант өртөөний гармын зүүн замд T.Pruis маркийн автомашин N.Pulsar маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 34 настай Н-н амь нас хохирч, нэг хүн гэмтсэн хэргийг шалгаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ