"56 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролоос ангид байна"

Сургуулийн өмнөх боловсролын салбарынхан "Тогтвортой хөгжил-Сургуулийн өмнөх боловсрол" уриан дор өнөөдөр зөвлөлдлөө. Тус зөвлөгөөнийг БСШУСЯ, МУБИС, Боловсролын хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа аж.

МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн тэнхимийн эрхлэгч, профессор Ж.Батдэлгэр "Боловсролын чанарын гол хөдөлгөгч хүч болсон багш нарын хөгжлийн тухай асуудлыг энд ярьж байна. Өнөөдөр багшийн хөгжил ямар байгаагаас улбаалаад хүүхдийн ирээдүйн хөгжил шалтгаална. Учир нь хүний амьдралын эхний зургаан жилд хүүхэд зөв амьдралын дадал хэвшилтэй болчих юм бол энэ нь насан туршийн боловсрол, хүмүүжил, төлөвшлийн суурь тавигдана гэж үздэг.

Тиймээс бид өнөөдөр энэ асуудлуудыг дэвшүүлэн зөвлөлдөж байна. Улсын хэмжээнд сургуулийн өмнөх насны буюу 2-5 настай 256 мянган хүүхэд бий. Тэдгээрийн 56 мянга орчим хүүхэд сургуулийн өмнөх боловсролоос ангид байна гэж үзэж байна.

Тэгэхээр энд зөвхөн цэцэрлэгийн үндсэн бүлгээс гадна сургуулийн өмнөх боловсролын хамралтыг гэр цэцэрлэг, ээлжийн бүлэг гэх чиглэлээр хэрэгжүүлж байна. Түүнээс гадна хүүхэд харах үйлчилгээ хүүхдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын тоог нэмэгдүүлэх тодорхой хэмжээний хүчин зүйл болох байх гэж бодож байна" гэлээ.

Зөвлөгөөний үеэр орон нутгийн болон нийслэлийн СӨБ-ын багш нар үзүүлэн материал, сурах бичгээ танилцуулж, туршлага солилцсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ