Цагаан хаднаас Гашуун сухайт хүртэл шороон замаар тээвэрлэлт хийнэ


Нүүрс тээвэрлэлттэй холбоотой арга хэмжээг орон нутгийн түвшинд зохион байгуулахаар Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Цагаан хаданд хуралджээ. Нүүрс тээвэрлэлтийг урт, богины маршрутад шилжүүлснээр дугаарлалт багассан ч гаалийн хяналтын бүсүүдийн үйл ажиллагаа, байгаль орчны холбогдох хууль дүрмийг мөрдөж байгаад хяналт тавих шаардлагатай байгаа юм.
Мөн урт, богины тээвэрт шилжсэнтэй холбоотойгоор Цагаан хадаас Гашуун сухайт боомт хүртэлх богинын тээвэрлэлтийг шороон замаар гүйцэтгүүлэхийг зөвшөөрсөн аймгийн Засаг даргын А/07 тоот захирамжийг хэрэгжүүлэхээр болжээ.
Богинын тээвэрлэлтийг хийх шороон замын арчлалт, хамгаалалтыг “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс” компаниуд хариуцан ажиллахаар хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Шороон замаар тээвэрлэлт хийснээр нүүрс тээврийн ачаа, эргэлт сайжирч, экспортлох нүүрсний хэмжээ нэмэгдэх ач холбогдолтой гэж үзсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ