"Г.Баасан тэргүүтэй хүмүүсийг Дээд шүүхэд өгнө" гэв

Авлигатай Тэмцэх Газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү "АТГ сар бүр мэдээлэл өгч явдаг. Өнөөдөр Г.Баасан тэргүүтэй хүмүүс худал мэдээлэл тараасантай холбогдуулан мэдээлэл хийж байна.

Г.Баасан нарын хүмүүс манай байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, удаа дараа худал, ташаа илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тарааж байгааг няцааж байна.

АТГ хаалттай байна, дарга нь Олон нийтээс зугтдаг гэсэн мэдээлэл байна. АТГ-ын дарга цаг тухай бүрт нь холбогдох хүмүүстэй уулздаг байсан. Арванхоёрдугаар сарын 29-нд Г.Баасантай уулзсан. Авлигын эсрэг хуулийн 32.6-д АТГ-ын байр төрийн хамгаалалтад байна гэж заасан. Хуулиар төрийн тусгай хамгаалалтад байдаг объектэд хэн нэгэн дур зоргоороо орохыг хязгаарлах, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн дотоод журмыг АТГ-аас өөрсдөө баталж мөрддөг. Энэхүү журмыг АТГ-ын алба хаагчид ч өөрсдөө мөрдөж ажилладаг. АТГ хаалттай ажиллаж байна гэдгийг хаалга үүд цоожилсноор хэмжиж болохгүй байх.

Төсвийн талаар асуудал яригдаж байна. 9 тэрбумаар юу ч хийгээгүй байж 16 тэрбумын төсвөөр шагнагдлаа гэж байна. АТГ-ын төсөв 2014 онд 15.4 тэрбум төгрөг байсан. Авлигын эсрэг хууль АТГ-ын төсвийг өмнөх жилийн төсвөөс бууруулан батлахыг хориглоно” гэсэн заалт байсныг 2015 онд тухайн үеийн хууль тогтоогчид хүчингүй болгоод түүнээс хойш АТГ-ын төсөв жил дарааллан буурч ирсэн. Харин Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2016 оны 11 сард батлагдсанаар АТГ-ын 2018 оны хөтөлбөрийн төсөв санхүүжилтийг 14,8 тэрбум төгрөгөөр баталсан. Энэ төсөвт АТГ-ын үйл ажиллагааны бүх зардлаас гадна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн санхүүжилт мөн багтсан.

АТГ-ын хүлээсэн үндсэн чиг үүрэг нь олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах байдаг. Гэтэл зарим хүмүүс АТГ-ын талаар худал мэдээлэл тарааж байгаа нь олон нийтийг АТГ-д итгэх итгэлийг алдагдуулж байна.

Иргэд хүсвэл өөрсдөө нэрээ нууцлаад АТГ-т мэдээлэл өгөх боломжтой. Гэхдээ нөгөө талаас иргэн өргөдөл гомдол, мэдээлэл гаргах эрхтэй ч гэсэн тухайн холбогдсон албан тушаалтан бас гэмт хэрэгт гүтгэгдэхгүй байх эрхтэй. Үүнийг зохицуулахын тулд худлаа мэдээлэл өгсөн бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдэг хуулийн зохицуулалт аль ч улс оронд байдаг.

Тиймээс АТГ-ын зүгээс байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх хандлага болон илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараахаа зогсоохгүй бол байгууллагынхаа ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэхээр Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан тэргүүтэй хүмүүсийг Дээд шүүхэд өгөхөө мэдэгдэж байна" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ