Хүмүүсийг гайхшируулсан өвчтөн, эмч нар


2017 онд зөвхөн эрдэмтэд гайхалтай нээлт хийгээд зогссонгүй. Эмч нар ч ер бусын өвчтөнүүдийг үзэж, мэс ажилбар хийж, янз бүрийн оноштой өвчтөнүүдийг эмчилжээ. Зарим тохиолдол нь үнэхээр гайхмаар сэтгэгдэл төрүүлсэн учир анагаахын салбарынханы дунд төдийгүй, тэдний хүрээнээс гадуур ч шүүн хэлэлцэхэд хүргэсэн байна.
Жишээлбэл Францын эмч нарын хийсэн гайхалтай мэс заслын тухай ярихгүй өнгөрөх аргагүй юм. Гэгээн Луигийн эмнэлгийн түлэгдэлтийн тасгийн эмч нар арьсны 95%-ийг шилжүүлэн суулгаж чаджээ. Тэдний өвчтөн болох Франк гэгч залуу химийн үйлдвэрт болсон золгүй явдлын улмаас маш хүндээр түлэгдсэн байна. Хохирогчийн дүү нь арьсны донор болсон бөгөөд азаар, тэд нэг өндгөн эсийн ихрүүд байсан учир, донор эрэх хэрэг байгаагүй аж. Франк арьс шилжүүлэн суулгах мэс засал 10 гаруй удаа хийлгэж, одоо эмнэлгээс гарчээ.
Харин Италийн эмч нар өөрсдийннэг өвчтөний биеийн байдлыг хараахан тайлбарлаж чадлахгүй байгаа аж. 21 настай бүсгүй цусаар хөлөрдөг бөгөөд хоногийн ямар ч үед цус гарч, энэ нь ямар нэг гэмтэлтэй огт холбоогүй гэнэ.
Энэ нь цус шүүрэх ховор өвчин гэдэгт эмч нар одоогоор итгэлтэй байгаа бөгөөд хэрхэн эмчлэхээ хараахан мэдэхгүй байна. Цусны даралт бууруулдаг эм бэлдмэл өвчтөний биеийн байдлыг бага зэрэг сайжруулахад тусладагч, бүсгүйг шаналал зовлонгоос бүрэн ангижруулж хараахан чадахгүй байгаа ажээ. Аз болоход өвчин үхэлд хүргэх аюулгүй ч, амьдралын чанарт тун таагүй нөлөөлдөг байна. Эмч нар ийм өвчинтэй бүсгүй болон бусад хүндтуслана хэмээн найдаж байгаа ажээ.
Конго улсад төрсөн сиамын ихэрт тохиолдсон явдлыг гайхалтай гэхээс аргагүй юм. Нэгдүгээрт, гэдэс хавиараа нийлсэн охид эмч нарын оролцоогүйгээр жам ёсоороо төрж, амьд гарчээ. Хоёрдугаарт, охидоо эмчид үзүүлэхээр шийдсэн эцэг, эх нь эмнэлэгт очихоор ширэнгэн ой дундуур мотоциклээр 15 цаг явсан байна. Эмч нар хоёр ихрийг амжилттай салгаж, нөхөн сэргээх үе төлөвлөгөө ёсоор болж, охид эмнэлгээс гарч, гэртээ харьжээ.
Тийнхүү өнгөрсөн жил эмчилгээний амжилт цөөнгүй байв. 2018 онд ч энэ тоо цөөрөхгүй, харин азтай өвчтөний тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ