БНХАУ-ын талаас ''Гашуун сухайт'' боомтоор дамжих замыг хаажээ

Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гарч, дотоодын хууль тогтоомжийг мөрдөн ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдэд улс хооронд тээвэр хийх ''C'' ангиллын бичгийг Авто тээврийн үндэсний төвөөс олгож эхэлжээ.

Энэ хүрээнд нүүрсний тээвэрлэлт хийж буй аж ахуйн нэгжүүдийн жолооч нарт эрүүл мэнд, нийгмийн даатгал төлсөн байх, мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байх зэрэг шаардлага тавих болсон аж. Үүнтэй холбоотойгоор, Гашуун сухайт боомт дээр үүсээд байсан нүүрс тээвэрлэж буй авто машины дараалал буурч, өнөөдрийн байдлаар дараалалгүй болсон тухай Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Гэхдээ Монгол Улс хууль, дүрмээ чангатгахын хэрээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд гомдол гаргах болсон гэнэ. Тэдний зүгээс ''Монгол жолооч нар тогтвор суурьшилтай ажилладаггүй тул эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нь төлөх боломжгүй. Монгол Улсын Засгийн газрын дангаараа гаргасан шийдвэрт Баяннуур боомтын зөвлөл арга хэмжээ авахгүй байна'' гэх зэргээр гомдол гаргаж, улмаар БНХАУ-ын талаас Баяннуураас ''Гашуун сухайт'' боомтоор дамжин, Монгол руу орох замыг хаагаад, хоёр хонож байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөнийг нээх асуудлаар Гадаад харилцааны яам, Авто тээврийн үндэсний төвөөс БНХАУ-ын талтай хэлэлцээ хийж байна.

Хэлэлцээний үеэр Хятадын талаас Монголын талд 12 шаардлага хүргүүлжээ. Энэ нь нүүрс тээвэрлэж буй автомашин болон жолооч нар Монгол Улсад бүртгэлтэй ч дотоодын хууль тогтоомжийг Хятадын талаас мөрдөх боломжгүй гэсэн утга бүхий шаардлага багтсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ