Утааны асуудалд зуух л ярьсаар байх уу?

Утаан дундаа сааралтах Улаанбаатарын өвөл болдгоороо болж, уушгины өвчтэй хүмүүсийн тоо үргэлж дээшээ заалттай өдрүүд үргэлжилсээр. Амтай болгон л агаарын бохирдол хэмээн үглэж, асуудал шийдэж мөнгө хуваарилдаг дарга нар 20-30 сая ам.долларын өртөгтөй утаагүй түлш, яндангүй зуух хийсэн тухай “ардын аман зохиол”-оо хүүрнэсээр.

Анх 2013 онд Улаанбаатар хотод бүсчилсэн байдлаар 45 мянган утаагүй зуух тараах ажил өрнөсөн юм. Тухайн үед утаагүй зуухыг бүсчилж буюу төвийн зургаан дүүрэг, тэр дундаа хүн ам шигүү суурьшсан, хорт утаа хамгийн ихээр ялгаруулдаг гэр хороолын иргэдэд утаагүй зуух тараасан юм. Гэтэл өнөө зуухнууд нь утааг улам л ужигруулав. Нөхцөл байдал улам дордсоор.

Саяхан гэхэд Засгийн газраас “Утааг бууруулах технологийн шийдэл” танилцуулга үзэсгэлэнг Төрийн ордонд зохион байгуулсан. Энэ үеэр 50 шахам компани цахилгаан халаагуур, боловсруулсан хийн түлш, гэрийн дулаалга, шалны ялтсан халаагуур, агаар шүүгч, төрөл бүрийн зуух, цахилгаан хэмнэгч зэрэг технологийн шийдлүүдийг танилцуулсан. Ерөөсөө дандаа л зуух ярьсан хэвээр.

Бүр хамгийн сүүлийн жишээ татахад лхагва гаригт “Утаагүй Улаанбаатар форум” зохион байгуулагдаж утааны эсрэг хийж болох ажлуудын талаарх саналуудыг хэлэлцсэн юм. Гэтэл салбарын сайд дахиад л зуух ярьсаар. Тэрбээр уг форумын үеэр “Шинэ технологийг нэвтрүүлсэн шийдэлтэй олон зуухны санал бидэнд ирсэн. Өмнө нь тараасан зуухнууд бодит байдалд нийцээгүй. Тэр зуухууд шахаа байсан гэдгийг ч бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн. Өнгөрсөн зүйлийг нэг их яриад яах вэ. Гол нь бид энэ алдааг дахин давтахгүй байх ёстой” гэв. Энэ яриаг нь сонссон нэгэн иргэн “Утаа гэхээр зуухнаас өөр зүйл сэтгэхээ байчихсан, нэг зүйлээ л тойроод эргэлдээд байдаг ийм лойчихсон төртэй байгаагаадаа ичиж байна” гэж халаглаж сууна.

Угтаа утаанаас гарах ганц л шийдэл бий. Тэр нь гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах болохоос биш зуух тараах биш. Өөрөөр хэлбэл хүн амын олонхид зохицсон хямд төсөр орон сууцны хорооллуудыг эхний ээлжинд бий болгож, алслагдсан дүүргүүдийг бүхэлд нь инженерийн шугам сүлжээнд холбож, зах зээл дээр царцсан эзэнгүй барилгууддаа иргэдээ оруулах л явдал юм. Түүнээс биш утаа хэмээх аюулаас ямар ч ид шидтэй зуух биднийг аврахгүй гэдгийг дахин сануулмаар байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ