Д.Эрдэнэбат: "Дундаж цалин 900 мянган төгрөг болсон гэж төөрөгдүүлэхээ боль"

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат статистикийн хороо судалгааны аргачлалаа өөрчлөхийг сануулж шүүмжлэл хэллээ.

Тэрбээр "Статистикийн байгууллагад Монгол төрийн бодлогыг тодорхойлох ганц суурь үзүүлэлтийг нь гаргаж өгдөг байгууллага. Энэ байгууллагын тоо эхнээсээ бодит биш байвал бүх бодлого буруу болдог. Тиймээс статистикийн байгууллага аргачлалаа амьдралд ойрхон болгож өөрчлөх хэрэгтэй байна. Үндэсний статистикийн хороо мэдээллээ бэлтгэж байгаа аргачлалаа өөрчлөхгүй бол болохгүй байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо гэж гарах ёсгүй. Харин бодит ажилгүйдэл гэж л гарах ёстой. Статистикийн мэдээллийг зөвхөн төрийн захиргааны байгууллагаар дамжуулж авч буйг 100 хувь үнэн гэж итгэхгүй байгаа. Статистикийн мэдээллийг гаргахдаа төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн дунд явуулах судалгаа гээд хавсарсан хэлбэрээр аргачлалаа өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол УИХ-ын үндэслэж байгаа мэдээлэл дандаа худлаа гарч байгаа. Эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлоход хүндрэл үүсч байна. Статистикийн бус хөндлөнгийн судалгаагаар хэдэн тоо байнга гарч байна. Юу гэхээр сүүлийн хоёр жил ажлын байр огцом хумигдлаа. Цалин мөнгө огцом муудлаа. Зээлийн хүү буурахгүй байгаагаас болж өрийн дарамтад ордог гэх мессэж нийгэмд маш хүчтэй явж байна. Энэ мэдээлэлд статистикийн байгууллага шинжилгээ судалгаа хийгээд бодит дүгнэлтийг УИХ-ын гишүүдэд гаргаж өгөх үүрэгтэй. Энэ үүрэг чинь байхгүй болчхоод байна. Статистик мэдээллийн шинжилгээ судалгаа хийхийн тулд маш соргог байх ёстой. Иргэд яагаад олон мянгаар гадаад руу явах болчхов. Ипотекийн зээл зогссоноор хэчнээн мянган ажлын байр хумигдав. Ямар ажлын байрууд хумигдаад ажилгүйдэл ихсэв гэдэг үнэн зөв мэдээллийг л Статистикийн байгууллага өгмөөр байна. Гэтэл харамсалтай нь Статистикийн байгууллага бодит мэдээлэл өгч чадахгүй байна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ