Өнөөдөр Дэлхийн цагаан таягтны өдөр "Харааны бэрхшээлтэй иргэдээ хайрлан хүндэтгэе"

       Өнөөдөр /2019.10.15/ дэлхийн “цагаан таягтны өдөр” буюу харааны бэрхшээлтэй иргэдийг хамгаалах өдөр тохиож байна. Дэлхий даяар харааны бэрхшээлтэй иргэдийн тоо сүүлийн жилүүдэд өссөөр байгаа ба манай улсад 105000 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдгаас 15 мянга гаруй харааны бэрхшээлтэй иргэд байдаг ажээ.

    Харааны бэрхшээл олон төрлийн үр дагавраас болж үүсдэг ба хорвоог дэлхийг харах мэлмийгээ хайрлан хамгаалах нь хүмүүн бидний үүрэг билээ.

    Харааны бэрхшээлтэй иргэдийн эрх, нийгмийн асуудалд анхаарч тэднийг амьдрах эх үүсвэр, ажилтай болгох талаар төр засгаас төлөвлөж, ярьсан зүйлүүд их байдаг ч амьдрал дээр хэрэгжсэн зүйлүүд цөөн байдаг.

    Дэлхий дээр ойролцоогоор 284 сая хүн хараа муутай байдгаас 39 сая нь бүрэн хараагүй, 245 сая нь сул хараатай гэсэн судалгаа байна. Бүх хараа муудалтын 80 хувь нь зайлсхийж болох сохрол, хараа муудалт байдаг. Дэлхий даяар хараа алдалтын үндсэн шалтгаан катаракт боловч засагдаагүй рефракцийн гажиг сул харааны гол шалтгаан болдог гэнэ. Иймд хүн амын дунд ДЭМБ-аас гаргасан “VISION2020” зайлсхийж болох сохролтой тэмцэх уриалгыг бүх нийтэд гаргасан.

    Техник, технологийн хөгжил дэвшилтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийг ухаалаг гар утас, зөөврийн компьютер, Ipad зэргээр хараа хяналтгүй тоглуулснаас болж харааны сулралтай хүүхдийн тоо нэмэгдэж байгааг эцэг, эх асран хамгаалагч нар анхаарах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд хүүхдийн харааг 3-5 настайгаас нь шалгуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулдаг байна.

    Иймд иргэдэд  нүдний эрүүл мэндийн боловсрол олгох, үзлэг шинжилгээнд хамруулах ажлуудыг  зохион байгуулах нь чухал юм.

    Хүмүүн тантай өнөөдөр хаана ч юм бэ цагаан таягтан таарвал хүндэтгэн, зам гарахад нь ч болтугай туслаж, гараас нь хөтлөн гаргаж өгөөрэй.

   Д.Ренчин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ