Ж.Энхцэцэг: Нийслэлд 243 цэцэрлэг, 6 асрамжийн газарт томуугийн вакцин хийгдэж байна

-Томуугийн вакцин хийлгэснээр ханиад хүндрэл багатай тусдаг-
Нийслэлийн эрүүл мэндийн газрын Дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Энхцэцэгтэй томуугийн эсрэг вакцины талаар ярилцлаа.
-Ханиад томуугийн улирал эхэлсэнтэй холбогдуулан томуугийн вакцин хийж эхлэсэн. Үүнд хичнээн хүн хамрагдаад байна?
Эрүүл мэндийн сайдын А/451 дүгээр тушаалын дагуу “Дархлаажуулалтын 10 хоног”-ыг “Томуугаас сэргийлье” уриан дор энэ сарын 04-17-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас энэ сарын 14-ний байдлаар, улирлын томуугийн эсрэг вакцины дархлаажуулалтад эрсдэлт бүлгийн 4600 хүнийг хамруулахаас 1883 хүн, цэцэрлэг болон асрамжийн төвийн 93.280 хүүхдийг хамруулахаас 38.160 хүүхэд, эрүүл мэндийн 6150 ажилтныг хамруулахаас 2212 хүнийг хамруулсан. Мөн Багануур, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар 121 хүн дархлаажуулалтад хамрагдсан. Нийт 44.174 хүнийг дархлаажуулсан мэдээтэй байна.
- Эрсдэлт бүлэгт ямар хүмүүс орох вэ?
Үүнд бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, 65-аас дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй иргэд, эрүүл мэндийн ажилтан, сургууль, цэцэрлэгийн багш нар орно.
-Жирэмсэн ээжүүдэд вакцин ямар нэгэн аюулгүй юу?
Энэ вакциныг жирэмсний ямар ч хугацаанд хийхэд аюулгүй. Ямар нэгэн урвал үзүүлж байгаагүй. Цэцэрлэгүүдээр эцэг, эхийн зөвшөөрлийн дагуу хийж байгаа.
-Үүнд хамрагдалт хэр байна?
Нийслэлийн хэмжээнд нийт 243 цэцэрлэг, 6 асрамжийн газарт вакцин хийгдэж байгаа. Мэдээж эцэг, эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авч, танилцуулга хийсний үндсэн дээр вакцин хийнэ. Ээж аав нь татгалзсан тохиолдолд эсвэл эсрэг заалттай бол хийхгүй.
-Энэ вакцин аль улсад үйлдвэрлэсэн бэ чанарын хувьд хэр бол?
Солонгос Улсад үйлдвэрлэгдсэн чанарын шаардлага хангасан вакцин байгаа.
-Гадуур ханиад эхэлчихсэн байна. Цэцэрлэг, сургууль яг эхлэх үед урьдчилан сэргийлээд энэ вакциныг хийж болохгүй юу?
Томуу, томуу төст өвчний мэдээгээр өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад дундаж бууралттай байгаа. Тэгэхээр томуугийн вирус хараахан дэгдээгүй байгаа гэсэн үг.
-Вакциныг үнэ төлбөргүй хийж байгаа. Гэтэл зарим хувийн эмнэлгүүд өндөр үнээр хийж байна. Энэ чанарын хувьд өөр үү?
Вакцин үнэ төлбөргүй. Халдварт өвчин судлалын үндэсний төвд сайн дурын вакциныг иргэдэд 15,000 төгрөгөөр, мөн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ЭМТ сайн дурын вакцин хийж байна. Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн хийж байгаа вакцин адилхан.
-Вакцин хийлгэснээр огт тусахгүй гэж ойлгож болох уу?
-Вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн дараагаас хүнд дархлаа тогтож эхэлдэг. Бүтэн жилдээ дархлаатай байна гэсэн үг. Гэхдээ хувь хүний онцлог, томуугийн вирусны шинж тэмдгээс хамаардаг. Гэхдээ вакцин хийлгэснээр хүндрэл багатай байна.
Ярилцсан: Д.Ренчин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ