Эрүүл мэндийн салбарт жишиг болохуйц халдвар хамгааллын дэд бүтцийг бий болгов

Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд ХӨСҮТ-ийн Төвлөрсөн ариутгал, Нян судлалын лабораторид их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийлээ. Энэхүү лабораторийг хүлээн авах ёслол өнөөдөр болов.
Төслийн хүрээнд лабораторийн барилгыг иж бүрэн засварлаж, агааржуулалтын нэгдсэн систем, цахилгаан, сантехник, интернет холбоо, дохиоллыг системийг шинэчилжээ.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр тус лабораторийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрахаас гадна аюулгүй байдал, эрүүл ахуй, халдварын сэргийлэлтэд шинэчлэл, дэвшлийг бий болгож байна. Түүнчлэн ариутгал, нян судлалын лабораторийн үйл ажиллагаа олон улсын эрүүл мэндийн байгууллагын стандартын түвшинд хүрэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Тухайлбал, өрөө тасалгааны зохион байгуулалт нь эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн дагуу урсгал хөдөлгөөнийг зохицуулсан, эмнэлгийн халдвараас сэргийлэх вакум орчныг бүрдүүлсэн, агааржуулалтын иж бүрэн системтэй, засвар тохижилт болон эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагаанд нэн шаардлагатай дэвшилтэт, шинэ технологи бүхий тоног төхөөрөмжөөр хангаж Монгол Улсын эрүүл мэндийн салбарт загвар, жишиг болохуйц халдвар хамгааллын дэд бүтцийг бий болгожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ