Яг одоо зогсоо!!! "Электрон тамхийг нэг удаа татахад энгийн тамхи 20 ширхгийг татсантай тэнцдэг"

“Энэ нэг хүү чинь бал амандаа зуучхаад яваад байх юм. Тэрнээс нь бас утаа гараад байх шиг”. хэмээн автобусанд таарсан эмээ гайхсан янзтай ярилаа. Үнэндээ энэ утаа гараад буй бал нь орчин үеийн залуусын маань саяхнаас эрчимтэйгээр хэрэглэх болсон “электрон тамхи” юм. Ах дүү хамаатан садангийн хүүхдүүд тамхи биш ээ ямар ч хоргүй гээд л том бага гэлтгүй сорж байхыг зөндөө л харсан. Би ч сорж үзсэн. Гудамж, талбайд тамхи баагиулдаг залуус цөөрсөн ч оронд нь электрон тамхи гэх зүйлийг хэрэглэх болж. Тэднээс энэ яг ямар учиртайг нь асуувал дийлэнх нь тамхинаас гарах гэж татдаг, тамхи шиг хортой биш гэж найзаасаа сонсоод хэрэглэж байгаа гэнэ. Тамхинаас салах гэсэн санаа нь зөв ч яг үнэндээ электрон тамхийг татахын оронд энгийн тамхиа тат гэж зөвлөх нь буруудахгүй байх. Учир нь электрон тамхийг нэг удаа татахад энгийн тамхи 20 ширхгийг буюу нэг хайрцгийг татсантай тэнцэх хэмжээний хор нөлөөг хүний биед үзүүлдэг гэсэн судалгаа гарчээ.

Олон улсад электрон тамхийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэдэг бол манайд өнөөдөр томоохон дэлгүүрүүд болон телевизийн шууд нэвтрүүлгээр сурталчилж, худалдаалж байгаа нь хяналтын байгууллага байхгүй байгаагийн тод жишээ гэж харж болох юм. Учир нь, манай улсын хуульд тогонд залгаж цэнэглэж хэрэглэдэг энэ тамхийг худалдаалахыг хориглосон тусгай зүйл заалт байдаггүй ч эмч мэргэжилтнүүдийн зүгээс хор уршгийг нь танилцуулж, холбогдох албаныханд хүргэснээр зарж борлуулж болохгүй гэсэн тогтоол гарч байжээ.
Америк, Япон, Малайз, Орос зэрэг томоохон орнуудад энэ төрлийн хуульд нэмэлт, өөрчлөлт орж электрон тамхины хэрэглээ болон худалдааг хатуу хориглосон. Хэрвээ зарж борлуулсан тохиолдолд их хэмжээний торгууль ногдуулахаас гадна ял авах хүртэл хариуцлага тооцдог байна. Энэ юу гэсэн утгыг илэрхийлж буйг та ойлгож байгаа биз. Никотины хэмжээ хэдэн арав дахин их орцтойгоор хийгддэг энэ тамхи өнөөдөр ч манай захын нэг хүнсний дэлгүүрийн лангуун дээр зарагдаж байгаа. Энэ нь цагдаагийнхан болон хяналтынхан огт ажил хийдэггүйг батлах жишээ. Тамхи татсан нэг удаагийн үйлдэл бүхнээр хүний амьдралын 7 минут амьдрах нас хоргодож байдаг гэдэг. Тэгвэл “электрон тамхи” татаж байгаа хүмүүсийн амьдрах хором хэд дахин богиносох аюултайг мэргэжлийн хүмүүс сэрэмжлүүлж байна.
Залуучууд үүнийг хэрэглэх нь яагаад түгээмэл байна вэ?
2018 оны үндэсний хэмжээнд ахлах сургуулийн сурагчдын дунд явуулсан судалгаанаас харахад Электрон-тамхи хэрэглэдэг хүмүүсийн тоо ердийн тамхи хэрэглэгчдээс 17%-иар өссөн мэдээ гарсан байна. Бидний мэдэх тамхинаас хямд үнэтэй ба хор хөнөөл багатай хэмээх сурталчилгаа болон аятайхан амт үнэрээс нь болоод бүх насны хүмүүс таашааж болох юм. Электрон-тамхи олон нийтэд түгээмэл болохын хэрээр залуучууд сонирхож хэрэглэх нь улам ихсэж, бүтээгдэхүүн өөрчлөгдөх бүрт шинэ төрлүүдийг нь хэрэглэж үзсээр л байх болно. Залуу нас гэдэг бол Электрон-тамхи зэрэг сэтгэцэд нөлөөлдөг бодисыг өөрсдийн бие дээрээ туршихаас буцахгүй үе. Нэг төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэж үзсэн бол бусад төрлийг ч мөн туршиж үзэх хүсэлтэй болдог аж.
Тэгвэл Электрон-тамхи үнэхээр хор хөнөөл багатай юу?
ДЭМБ-ын мэдээллээр, электрон тамхинд өсвөр насныханд болон ургийн эрүүл мэндэд ноцтой хөнөөл учруулах хорт хавдар үүсгэгч бодис голдуу байдаг ажээ. Мөн Америкийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн Вивек Мурти тамхины хор хөнөөлийн талаар тайлан илтгэл гаргаж, сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн дунд электрон тамхины хэрэглээ ихэсч, энэ нь аюулын хэмжээнд хүрснийг анхааруулсан байна. Энэхүү илтгэлд сүүлийн үед хүүхдүүдийн дунд электрон тамхи татах нь бараг моод болж, утаа гаргадаггүй, элдэв үнэргүй тамхийг эцэг эхээсээ нууцлан татах явдал ихэссэнийг тэмдэглэжээ. Ийнхүү электрон тамхи татаж байгаа өсвөр насныхны дунд никотины нөлөөнд орох, тамхинд донтох явдал өссөн байна. Тиймээс электрон тамхины хэрэглээг жирийн тамхитай адилтган үзэж, татвар, үнийг нь нэмэгдүүлэх, арга хэмжээ авах хэрэгтэйг сануулжээ. Тэгэхээр бид хэдийн энэ тамхины талаар буруу ойлголттой явдагийг бүр түүнчлэн үүнийг татвал тамхинаас гардаг гэх ташаа ойлголтыг үгүй хийх цаг нь нэгэнт иржээ. Хэрвээ таны ойр дотны хэн нэгэн энэхүү тамхийг хэрэглэж байвал яг одоо зогсоо. Ямар хүн л мэдсээр байж нэг хороос салах гэж нөгөө хорыг хэрэглэхийг хүсэх билээ.
Л.Энхцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ