Хятадаас Монголд бэлэглэж байсан түүхэн дурсгалт үзмэрүүд дэлгэгдлээ

    Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой өнөөдөр тохиож байгаа билээ. Энэ өдөр Монголын Үндэсний музей, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвтэй хамтран тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Монгол, Хятадын харилцаа болон Хятадын түүх соёлтой холбогдох үзмэрүүдээс бүрдсэн “Найрамдал хамтын ажиллагаа- соёлын дурсгалууд” нэртэй үзэсгэлэнг дэлгэлээ.


    Манай хоёр улсын музейн салбарын хамтын ажиллагаа баялаг сайхан түүхэн замналтай. 1952 оны 10 дугаар сарын 1-нд БНХАУ байгуулагдсаны гурван жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотноо нээлтээ хийсэн “Монгол-Хятадын найрамдлын 10 хоног” соёлын арга хэмжээний хүрээнд Хятадын ард түмний соёл уламжлал, тухайн цагийн хөгжлийн өнгө төрхийг олон салбараар харуулсан тусгай үзэсгэлэнг дэлгэн үзүүлж байжээ. Улмаар уг үзэсгэлэнд дэлгэгдсэн үзмэрүүдийг БНХАУ-ын Элчин сайд Заяат БНМАУ-ын Засгийн Газарт бэлэглэсэн нь зохих журмын дагуу музейдэд хуваарилагдан ирсний гол цөм нь ҮТМ-д хадгалагдаж байгаа юм.

    Уг үзэсгэлэнд “БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлайгаас маршал Х.Чойбалсанд дурсгасан Хунань нутгийн үзэмж бүхий модон хаалт, сийлбэртэй хос модон ваар, Х.Чойбалсанд Хятадын удирдлагаас  дурсгасан цайны модон аяга бүхий бүрэн хэрэглэл, 70 жилийн өмнөх хятад шар цай, Болор ваар, өвөрмөц хийц бүхий зэс тогоо, Манж Чин гүрний “Найралт төв” хааны үеийн шаазан домбо, зэрэг өвөрмөц чамин хийц бүхий ховор, онцгой үзмэрүүд дэлгэгджээ.


    Тус арга хэмжээг санаачлагч Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвийн дарга хатагтай Ли Вэй үзэсгэлэнгийн үеэр хэлэхдээ “Хоёр улс дипламот харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн өдрийг тэмдэглэх санааг Хятадын талаас санаачилж зохион байгуулж байгаа. Мөн Монголын үндэсний музей д дэлгэгдсэн нь их ач холбогдолтой. Хятад улсаас Монголын ард түмэнд бэлэглэсэн маш олон үнэ цэнтэй түүхийн дурсгалуудыг тавьсан. Ирээдүйд хоёр улсын ард түмний хоорон дахь соёлын солилцоогоор дамжуулан найрамдалт харилцаагаа улам илүү бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.



Үзэсгэлэн үзэхийг хүссэн хүн бүрийн өмнө нээлттэй аж.

Л.Энхцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ