Цэцэрлэг, сургуулийн зуухыг хийн халаалтаар сольж эхэллээ

     БОАЖЯ байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ажлыг шат дараатай хийж байна.

    Үүний нэг нь агаарын чанарыг сайжруулах буюу утаа ихтэй бүсэд байрлаж буй нийт 21 сургууль, цэцэрлэгийн нам даралтын зуухыг цахилгааны болон газрын гүний дулаан, мөн хийн халаалтын дэвшилтэт техник технологиор солих ажлыг хэрэгжүүлж байна.

    Жишээ нь, нийслэлийн 129, 214, 139, 221-р сургууль, цэцэрлэгийн цогцолборын нам даралтын зуухыг хийн халаалтын зуухаар солих ажлын гүйцэтгэгчээр “Газком” ХХК шалгарч, Япон улсын олон улсын стандартад нийцсэн, чанартай техник технологи нийлүүлэгч “Риннай” компанийн хийн халаалтын тоног төхөөрөмжүүдийг суурилуулан өчигдөр хүлээлгэн өглөө.

    Суурилуулсан хийн тоног төхөөрөмжийн засвар ашиглалт, хийн хангамжийг “Газком” ХХК жилийн турш бүрэн хариуцан ажиллах бөгөөд БОАЖЯ-ны Цэвэр технологийн хэлтэс технологийн үйл ажиллагааг хянан ажиллахаар боллоо. Дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн халаалтаа эко байдлаар шийдэж буй нийслэлийн СХД-ийн 11-р хорооны 129-р сургууль болон 214-р цэцэрлэгийн цогцолбор нь нийт 2.420 ам м талбайтай, жилд 400 орчим тонн түүхий нүүрсээр галладаг байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ