Азийн хөгжлийн банк биш Ё.Баатарбилэг сурах бичгээр хангах үүрэгтэй

    Сурах бичгээр хангах нь Ё.Баатарбилэгийн үүрэг болохоос Азийн хөгжлийн банкны үүрэг биш.

    2019-2020 оны хичээлийн жилийн 1-р улирлын амралт эхлэхэд хэдхэн хоног үлдэж байна.  Гэтэл дунд, ахлах ангийнхан сурах бичиггүй улирлыг барав. Хоёр хоногийн өмнөөс сурах бичгийн зарим хэсэг нь хэвлэлтээс гарч тараагдаж эхлэжээ. Сурах бичиг бүрэн гүйцэд хэвлэгдээд, тараагдаж дуустал ямар хугацаа орохыг таашгүй.

    Энэ процессийн асуудлыг орхиод ер нь Монгол Улсын Засгийн газар, БСШУС-ын яам хуулиараа хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлж, жилийн жилд сурах бичгийн хүрэлцээ, хангамж муу байна гэсэн улиг болсон яриаг цэгцэлж, цэг тавибал яасан юм бэ.

    Сүүлийн 20 жил Боловсролын яам сурах бичгийн хэл ам дагуулсан ярианаас салахгүй байна. Сургалтын орчин, сурах бичгийн хүртээмж, хангалтыг сайжруулж чадахгүй байгаа яамтай сургалтын хөтөлбөр, чанарын талаар яриад ч нэмэргүй бус уу.

    Энэ 2019-2020 оны хичээлийн жилийн хувьд 6-12 ангийн 181000 сурагч түрээсийн сурах бичиг төлбөртэй ашиглана. Тэдэнд 2,6 сая ширхэг сурах бичиг хэрэгтэй. Гэтэл улсын төсөв нь дийлэхээ байгаад  Боловсролын яамныхан Азийн хөгжлийн банкыг сурах бичгээ хэвлэх мөнгө өгөөч гэжээ.  

    Сурах бичиг хэвлэгдэхгүй удаад байгаа шалтгааныг Боловсролын яамны сайд Ё.Баатарбилэг, Төрийн нарийн Д.Баярсайхан, ЕБС-ийн газрын дарга С.Ням-Очир, сурах бичиг хариуцсан мэргэжилтэн нар бүгдээрээ л  “Азийн хөгжлийн банкийг хүлээгээд байна”, “бид нар шахаад, гуйгаад байгаа” гэсэн инээдэмтэй, онигоо болохоор хариулт өгөөд байна.     Өөрсдийнхөө урт хугацааны төлөвлөлтгүй, зохион байгуулалтгүй, бодлогогүй ажлыг гадны олон улсын байгууллага руу чихэж, сүүлдээ тэд  тусласан биш бараг буруудахааар тайлбаруудыг хийж байгаа нь ичмээр юм.  Тэдний яриагаар бол Азийн хөгжлийн банкныхан л удаагаад байгаа юм байх. Ер нь бол сурагчдыг сурах бичгээр хангах нь Засгийн газрын, Боловсролын яамны хуулиар хүлээсэн үүрэг болохоос Азийн хөгжлийн банк гэх мэт гадны байгууллагын үүрэг, асуудал биш юм.

    АХБ гэдэг өөрийн журамтай олон улсын байгууллага. Боловсролын яамаар “шахуулаад” байдаг ч газар биш. Тэд тооцоо судалгаатай, хугацаатай, төлөвлөгөөтэй ажилладаг. 1997 оноос хойш монголд санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлж байгаа. Манайхан шиг сайн дураа хөдөлхөөр ухасхийгээд үдээс хойш, өнөөдөр, маргааш гээд шийдчихдэггүй. Монголчуудын бүх юмаа гадныхнаар, олон улсын байгууллагаар хийлгэдэг муу зуршилын бас нэг жишээ энэ юм.

    АХБ нь 8 тэрбум төгрөгөөр сурах бичгийг санхүүжүүлж байгаа юм. Сурах бичиггүй сурагчийг буугүй цэрэгтэй зүйрлэх юм даа. 

Д.Ренчин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ