Ар гүнтэд осолдсон зургаан хүний биеийн байдал хүнд байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Ар гүнт”-ийн даваанд хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт зорчигч тээврийн автобус онхолдож олон хүн гэмтэж, нас барсан осол өнгөрсөн бямба гаригт гарсан.

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч, 3 автомашинтай 25.5 км зам туулан 11:54 цагт очиход Дотоод хэргийн их сургуулиас Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “Замтын-Эх” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Наранбулаг” амралтын газрын чиглэлд зорчиж явсан 39 зорчигчтой /гурван  хүүхэд, 36 том хүн/ 07-80 УНҮ улсын дугаартай “Аеро товн” загварын автобус онхолдож 29 том хүн, гурван хүүхэд гэмтсэн байжээ.

Гэмтсэн иргэдээс биеийн байдал маш хүнд 13 хүнийг нийслэлийн Аврах ангийн 1 автомашин, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 3 автомашин, нийт 4 автомашинаар, биеин байдал хөнгөн 19 хүнийг "Айсо” загварын дунд оврын автобусаар 12:33 цагаас 13:30 цагийн хооронд ГССҮТ-д хүргэж өгчээ. Гэвч Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны харьяат  иргэн Т /36 настай, эрэгтэй/ эмнэлэгт очих замд 13:00 цагт нас барсан байна.

Биеийн байдал хөнгөн 11 хүнийг Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд биеийн байдал хэвийн байсан нэг хүнийг зөвлөгөө өгч гэрт нь буцаажээ. Одоогоор ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал маш хүнд гурван том хүн, гурван  хүүхэд, биеийн байдал нь дунд 13 хүн энгийн тасагт хэвтүүлэн эмчилж байна.

Ослын улмаас автомашины төмөр эд ангид хавчуулагдан Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны харьяат  иргэн Б /59 настай, эрэгтэй/,  Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны харьяат иргэн З /54 настай, эрэгтэй/, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн А /42 настай, эрэгтэй/,  Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат иргэн Ц /40 настай, эрэгтэй/,  Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны харьяат иргэн У /39 настай, эрэгтэй/,  Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны харьяат иргэн Г /38 настай, эрэгтэй/ нар нас баржээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ