Иргэд, аж ахуй нэгжүүд түүхий нүүрс оруулж ирэх, түлэх зөрчил гарсаар байна

Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хоногт угаарын хийнд хордсон гэх дөрвөн дуудлагаар нийт есөн хүн эмнэлгийн тусламж авчээ. Тэдний хоёр нь хүүхэд, долоо нь том хүн байна. Өнөөдрийн байдлаар (2019.10.24) эмнэлэгт хоёр том хүн хэвтэн эмчлүүлж байна. Аравдугаар сарын 02-24 хүртэлх хугацаанд нийтдээ 240 дуудлагаар 580 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Ойрын өдрүүдэд угаартсан гэх дуудлагын тоо буурч, эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо багассан гэдгийг НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй хэллээ.
НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн хэлэхдээ "НМХГ-аас нийслэлийн товчоодоор нэвтэрч буй автомашинуудад хяналт шалгалт хийж байна. Өнгөрсөн шөнө Өлзийтийн товчоогоор хоёр тонн түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан. Мөн Эмээлтээр таван шуудай нүүрс оруулахыг завдсан үйлдлийг илрүүллээ. Өнгөрсөн шөнө түүхий нүүрс түлж байна гэсэн 13 мэдээлэл ирсэн. Энэ дагуу шалгалт хийсэн. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нэгэн айл Налайхаас авсан 35 тонн түүхий нүүрсийг хадгалж байсан. Гэхдээ түүхий нүүрсээ түлээгүй байсан учраас арга хэмжээ аваагүй. Харин Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах Цасан гуа цэцэрлэг түүхий нүүрс түлсэн зөрчил гаргасан учраас арга хэмжээ авсан" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ