Сурагчдын амралт замын түгжрэлийг бууруулж байна

ЕБС-ийн сурагчдын амралт өнөөдрөөс /2019.10.28/ эхэллээ. Нийслэлийн замын түгжрэл мэдэгдэхүйц багассан нь сурагчдын амралт эхэлсэнийг харуулж байна. Сургууль, цэцэрлэгт хүүхэд зөөх асуудал Улаанбаатарчуудын гол асуудал болоод байгаа ба замын түгжрэлд өдрийг өнгөрөөж байгаа эцэг, эхчүүдийн хамгийн тулгамдсан асуудал юм. Замын түгжээнд ядарсан хүүхэд, эцэг эхчүүд юун даалгавар хийхтэй манатай болж байна. Сургуулийн дутагдал, чанарын асуудал, хамрах тойрох зэргээс хамаарч сургууль, цэцэрлэгийн асуудал үүсээд байна. Үүний зэрэгцээ сүүлийн үед шинээр баригдаж байгаа орон сууц, хотхон, хороололууд нь цэцэрлэг, сургууль, танин мэдэхийн төв зэрэг хүний нийгмийн хэрэгцээг хангасан байгууламжуудыг төлөвлөж бариагүйгээс болж хүүхдээ аль нэгэн сургууль руу зөөх ажил үүсээд байгаа юм. Хот төлөвлөлтийн алдаа, газрын зохион байгуулалтгүй замбараагүй олголтоос дээрх үр дагаврууд үүдэлтэй. Нийслэлд зарим сургуулиуд 3 ээлжээр хичээлээд, нэг ангид 50-70 хүүхэдтэй бужигнаж байхад зарим аймаг, суманд 640 хүүхдийн сургууль хоосон шахуу ханхай байгаа тохиолдолууд гарч л байна. Төв аймгийн Сэргэлэн суманд шинээр ашиглалтад орсон сургууль гэхэд цөөн хэдэн хүүхэдтэй байна. Улсын төсвийг иймэрхүү маягаар зохицуулалтгүй зарж байна. Үүнээс улбаалаад зарим жижиг сумдыг нэгтгэж, нийлүүлэхгүй бол хэдхэн өрхтэй 1 сум руу өндөр зардлаар дэд бүтэц татаж, цэцэрлэг, сургууль барьж байгаа нь ядруухан төсөвтэй улсад үргүй зардлыг улам нэмэгдүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ