Төв банкыг төрлийн банк болгосон Н.Баяртсайханыг огцруулмааргүй байна

           Монгол банкны захирал Н.Баяртсайхан “ажлаа өгөхөд бэлэн” гэжээ. Саарал жагсаалтад оруулсны хариуцлагыг эхний ээлжинд Монгол банкны захирал, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нартай хариуцлага тооцож, огцруулах юм гэнэ. Хоёр даргын нэг нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэдгийг спикер Г.Занданшатар хэлсэн. Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн өргөдлөө өгсөн гэж эх сурвалж мэдээллээ. Ер нь ажил дампууруулчихаад өргөдлөө өгөөд зугтчихдаг, эсвэл дээрээс нь чөлөөлөөд санаа амар явуулчихдаг үзэгдлийг болиулмаар байна. Хариуцлага тооцож байгаа нь суудлыг нь авахын нэр биш байлтай.

     Ер нь Н.Баяртсайханыг өөрөөр нь “саарал жагсаалт”-аас гаргуулах ажлыг хийлгэчихээд явуулах хэрэгтэй юм. Н.Баяртсайхан нь энэ ажилд томилогдсон цагаасаа хэл ам дагуулж байгаа. Саарал жагсаалтаас гадна төв банкинд өөрийн ойрын хүрээлэл, нутаг нугынхан, улстөрчид, нөлөө бүхий хүмүүсийн эхнэр, хүүхдийг ажилд авснаараа алдаршиж байна. Ер нь төв банкинд монголын нөлөө бүхий хүмүүсийн ойрын хүрээнийхэн шургалж, ажилладаг гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдмээр болжээ.

      Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Очирхүүгийн хүү, Сангийн сайд Ч. Хүрэлбаатарын эхнэр Р.Саранцэцэг мөнгөн тэмдэгтийн газрын захирал, М.Энхболдын хүү А.Анар төлбөр тооцооны газрын захирал, Ц.Элбэгдоржийн дүү Эрдэнэсийн сангийн захирал, Боловсролын сайд асан Л.Гантөмөрийн эхнэр П.Туул хэлтсийн дарга гээд монголын томоохон улстөрчидийн нэр толгой дараалан хөвөрнө. Бичээд барахгүй.

      Монгол банкны газар, хэлтсийн захиралууд хурган дарга нар нь бүгд нөлөө бүхий эрхэмүүдийн харъяалалтай бол доошоогоо мэргэжилтэн, ажилтнууд нь бас ялгаагүй хэн нэгний ар тал байдаг. Барилга, хот байгуулалтын дэд сайд, “Оюу толгой” компаний гүйцэтгэх захирал , Хотын орлогч, Нийгэм хамгаалалын дэд сайд гээд хамаг "ашигтай" ажил дээр ажиллаж байсан Б.Мөнхбаатар хүртэл эхнэрийн дүүгээ Монгол банкинд шахсан байна. Тэгэхээр ардын хүүхдэд багтаж шингэх зай лав Төв банкинд олдохгүйдэг ээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ