Сайд Ё.Баатарбилэг та боловсролын төсвөөр тойргоо “услаж” байгаа увайгүй үйлдлээ тайлбарлаач



Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2020 оны төсвийн  төслийг Улсын Их Хуралд өргөн барьсан.
Сонгуулийн жил угтсан төсөв сонгуулийн үнэр сэнхийтэл ханхалсан төсөл болсон нь тодорхой боллоо.
Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өөрийн мэдлийн багцдаа  сонгогдсон Архангай аймгийн тойргоо “услах ” арга хэмжээнүүдийг эрээ цээргүй суулгаж өгчээ.
Улаанбаатарын Хан-Уул дүүрэгт Архангай аймгийн Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Хотонт, Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал сумдын Улаанбаатар хот дахь оюутнуудын дотуур байрны барилгыг 6 тэрбум төгрөгөөр бариулахаар тусгажээ. Эхний ээлжинд барилгад 3 тэрбум төгрөг зарцуулах юм байна.
Монгол Улс 21 аймагтай. Нэг сайд нь гарч ирээд сонгуулийн жилд санал авах гээд өөрийн сонгогдсон тойргийн оюутны байр болгоныг бариад байвал Улаанбаатарт 21 аймгийн дотуур байр дүүрэг бүрт сүндэрлэх нь ээ. Архангай аймаг 18 сумтай харин сайд Ё.Баатарбилэг аймгийн зөвхөн 8 сумын оюутнуудад зориулсан дотуур байр барихаар төлөвлөжээ.
Боловсролын салбарын төсөв 2018 онд 1,6 их наяд, 2019 онд 1,9 их наядаар батлагдаж хэрэгжиж байсан бол 2020 төсвийн төсөлд Ё.Баатарбилэг сайдын мэдлийн төсөв 1,6 их наядаар батлагдахаар орж ирсэн байна.  Энэ  нь өмнөх жилээс 0,3 их наядаар багассан төсөв орж ирж байгаа гэсэн үг юм. Зөвхөн тойргийнхоо оюутнуудад зориулаад дотуур байр барихад 6 тэрбум зарлагадахаар энэ төсвөөс юу үлдэхсэн билээ.
Үүнээс дүгнэхэд 2020 онд боловсролын салбарт дорвитой хөрөнгө оруулалт, ажил хийгдэж чадахгүй ажиллагсадын цалингаас хэтрэхгүй нь гэсэн дүгнэлтэд хүрч буй юм.
Монголын төр улсын төсвийнхөө 20, дотоодын нийт бүтээгдхүүний 5 орчим хувийг боловсролдоо зориулдаг. Энэ нь олон улсын жишгээр өндөр үзүүлэлт бөгөөд эрүүл үзэгдэл юм. Улсын төсвийн 20 хувийг дангаараа хэрэглэж байгаа ч боловсролтой холбоотой гачигдал, хомсдол огт арилахгүй өдий хүрч байна.
Хөрөнгийн зардал, урсгалд зардалд хамаг мөнгөө урсгаад багшийн цалингаа ч нэмж чадахгүй байнгын хэл ам, хэрүүл тэмцэл, жагсаал, цуглааныг дагуулсаар байна.
Сонгуульд хамгийн хөлтэй хөдөлдөг  нь Засгийн газрын гишүүд, сайд нар байдаг.  Өөрийн хариуцсан салбараа тэр чигээр нь  хөдөлгөөд , салбарынхаа хөрөнгөөр туйлаад дуусдаг гэвэл хилсдэхгүй.
Энэ жишиг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгийн үйлдлээр тодхон харагдаж байна.
Ноён Ё.Баатарбилэг та улсын төсвөөр тойргоо услаж байгаа үйлдлээ тайлбарлана уу.

Д.Ренчин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ