Нийслэл хотын төв талбайгаас Сансрын бөмбөлөг хөөргөлөө

Нийслэл Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв (МАРСА)-ийн санаачлагаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “38.000 руу тэмүүлье” арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Энэ хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд зарласан “Бидний бүтээл сансарт” уралдааны шилдэг бүтээлийг монгол гэрээс сансрын бөмбөлгөөр 38 мянган метрт хөөргөж, нийслэлийнхээ төв талбайгаас сансрын бөмбөлөг хөөргөсөн дэлхийн анхны улс боллоо.

Гурван бөмбөлгийг 30 минутын зайтай Улаанбаатар хотын төв талбайгаас хөөргөсөн. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Амарсайхан, БНМАУ, ЗХУ-ын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Монголын сансар судалгаа хөгжүүлэлтийн төвийн захирал Г.Амгаланбаяр, ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал, академич доктор С. Дэмбэрэл болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

“Бидний бүтээл сансарт” уралдаанд нийслэл болон Сүхбаатар, Дархан-Уул, Баянхонгор, Орхон, Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн ЕБС-ийн сурагчдын 84 бүтээл иржээ. Үүнээс МУБИС-ийн харьяа лицей сургуулийн “Цагаан шонхор” багийн бүтээл нэгдүгээр байрт, өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн “О2” багийн бүтээл хоёрдугаар байрт , Баянзүрх дүүргийн “Глобаль” олон улсын дунд сургуулийн “Глобаль” багийн бүтээл гуравдугаар байрт тус тус шалгарсан байна.
Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн захирал Г.Амгаланбаяр: Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс харахад Монголын ирээдүй дэлхийтэй хөл нийлүүлэн алхахад сэтгэлгээний хувьд бэлэн байна. Маш олон хүүхэд үнэхээр чанартай бүтээлүүд ирүүлсэн байсан. Үүнээс гуравхан бүтээлийг шалгаруулахад хэцүү байлаа. Миний хувьд сансарт бал сараа тэмдэглэж буй монгол хосыг пуужингийн загварын хамт дүрслэн илгээсэн бүтээл онцгой байсан ч харамсалтай нь хэмжээний шаардлагад нийцээгүй учир шилдэгт шалгарч чадаагүй. Сансар судлал бол шинжлэх ухааны оргил” гэлээ.
Япон улсын Засгийн газрын харьяа Үндэсний Сансрын бодлогын хорооны ахлах зөвлөх, Япон-АНЭУ-ын “Марс” төслийн ахлагч Хироаки Акияма: “Бидний бүтээл сансарт” уралдаанд Монголын ЕБС-ийн 84 баг бүтээлээ ирүүлсэн байгааг хараад их гайхлаа. Эдгээр бүтээлээс гуравхан бүтээл хөөрнө гэдэг харамсалтай. Монголчууд дэлхийн түүхэнд хамгийн том эзэнт гүрэн байгуулж байсан улсын хувьд хүн төрөлхтний сансар огторгуйг колоничлох үйлст тэргүүлэх хандлагатай оролцоно гэдэгт итгэж байна. Сансрын уудамд аялах, сансарт тэмүүлэх хамгийн ойрхон хаалгыг Монгол Улс гэж харж байна. Монгол өргөн уудам газар нутагтай агаарын бөмбөлөг, цаашлаад пуужин хөөргөх боломжтой бүс нутаг юм. Мөн Монголын нийгэм, улс төрийн байдал тогтвортой учир олон орны хүүхэд багачууд энд ирж сансар судалгааны чиглэлээр туршлага мэдлэгээ дээшлүүлэх боломжтой” гэв.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ