Монгол, Беларустай хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлнэ
Монгол - Беларус Улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан , Беларусын суурь судалгааны сан хооронд байгуулсан санамж бичгийн дагуу 2020-2022 онд хамтран гүйцэтгэх судалгааны төслийн мэдүүлгийг авч байгаа ажээ. Мэдүүлгийг 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хүлээж авна. Хамтарсан төслийн чиглэлүүд: Хамтарсан судалгааны төсөл хоёр талын сонирхолд нийцсэн, Монгол - Беларусын эрдэмтдийн хамтран гүйцэтгэх дараах салбаруудын ажлууд байна: • Физик, математик, мэдээлэл зүй; • Техникийн шинжлэх ухаан; • Хими, дэлхий судлал; • Анагаах ухаан, эм судлал; • Газар тариалан, биологийн шинжлэх ухаан; • Хүмүүнлэг болон нийгмийн шинжлэх ухаан. Төсөл шалгаруулах уралдаанд оролцогч хоёр талын хамтарсан төслийн нэр адил байх ба Монгол, Беларусийн эрдэмтэд өөрсдийн төслийн агуулгыг урьдчилан тохиролцож, талуудын оролцоог тодорхой болгосон байх юм байна. Хоёр талын дэмжлэг хүлээсэн төслийн тус тусын санхүүжилтийг БССС болон Монгол Улсын БСШУСЯ санхүүжүүлнэ. Хамтарсан төслийг гүйцэтгэх хугацаа 2 жил байна. 2020 оноос БНХАУ-тай хамтран судалгаа хэрэгжүүлнэ Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам , БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам хооронд байгуулсан хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд 2020 оноос хэрэгжүүлэх хамтарсан төслийн уралдааныг зарлалаа. Төсөл хэрэгжих хугацаа 3 жил . Монголын талын төслийн санхүүжилт жилд 26,700,000 төгрөг хүртэл ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ