Монголын үүрэн телефоны операторууд үүрлэсэн гадныханд боломж олгосон уу?

Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбогдож болзошгүй хэрэг өчигдөр гарлаа. Цагдаа, тагнуулын байгууллагынхан олон тооны гадаад иргэнийг баривчилан шалгаж байна гэсэн мэдээлэл тархлаа. Энэ хэрэгт холбоотой өнөөдөр /2010.10.30/ Засгийн газар хаалттай хуралдаж байна.
Хууль хяналтын байгууллагууд шалгаж, тодруулах нь зүй ёсных. Хичнээн гадаадын иргэн ямар зорилгоор, ямар үйл ажиллагаа явуулж байсныг тааж тааварлахын оронд холбогдох албаныханд ажлыг нь үлдээгээд энд өөр зүйлийн талаар өгүүлсүү.
Ажиллагааны явцад Монголын үүрэн холбооны операторуудын 10 мянга орчим дугаар хурааж авсан гэдгийг албаныхан тодотгож байна. Тэд монгол сим бүхий үүрэн холбооны дугаар, өндөр хүчин чадалтай 1000 орчим компютер хэрэглэж байсныг шалгалтын явцад илрүүлжээ.
2018 оны байдлаар монгол улсын хүн амын 97 хувь гар утасны хэрэглэгч гэсэн судалгаа гарчээ. Зарим хүн 2-3 үүрэн телефоны хэрэглэгч байна.
Сүүлийн үед Монголд гар утасны дугаарын хязгааргүй хэрэглээ, хяналтгүй дугаар олголт эмх замбараагаа алдлаа.
Гар утасны компаниуд нь хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийн нууцлалыг чанд хамгаалж чаддаггүй. Тухайн компанид таньдаг хүнтэй бол хэний ч утасны дугаарыг олоход амархан байдаг гэдгийг баталгаатай хэлье.

Мобиком, Юнител компанийхан хүн төвлөрсөн олон нийтийн газрууд, МУИС, МУБИС гээд их, дээд сургууль орчмоор дугааруудыг үнэ төлбөргүй, замбараагүйгээр зах зээлд гаргаж байна.
Эдгээр компаниуд ямар ч хүн өөрийн нэр дээр болон өрөөлийн нэр дээр хэдэн ч дугаар эзэмшиж , юу дуртайгаа хийх боломжоор хангаж байна гэвэл хилсдэхгүй.
Баривчлагдсан хятадуудаас 10,000 ширхэг гар утасны дугаар бүхий сим гарсан гэдэг бол аюул. Энэ бол монголын утасны дугаарууд шүү. Тэд энэхүү дугаарыг ямар замаар олж авсаныг шалгах хэрэгтэй.
Мобиком, Юнител, Скайтел, Жимобайл гэх эдгээр компаниуд “дугаар нууцлах” үйлчилгээгээ бүрмөсөн зогсоож, хориглох ёстой. Утасны дугаараа нууцлан хүн рүү залгаж дарамталдаг, элдэв байдлаар ашигладаг байдлыг эдгээр компаниуд өөгшүүлж байгааг таслан зогсоох хэрэгтэй юм.
Гэмт хэрэгтэн эсвэл хэн нэгэн танхай этгээдийг хууль бус үйл ажиллагаа хийх нөхцөл байдлаар хангаж өгсөн гэх хэрэгт татагдах аюултай шүү дээ.
Монголд үүрэн телефоны хэрэглэгчийн аюулгүй байдал, нууцлал, дугаар ашиглалт зэрэгт өндөр хяналт тавихгүй бол аюулын харанга дэлдэж эхэллээ.
Д.Ренчин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ