Юнител компанийн Олон нийттэй харилцах албаны менежер Ц.Батгэрэл: Юнителийн бүх дугаар бүртгэлтэй байдаг

Манай улсад хууль бусаар мөнгө угаах үйл ажиллагаа явуулж байсан 850 орчим Хятад иргэнийг цагдаа, хүчний байгууллагынхан гүйцэтгэх ажиллагааны шугамаар илрүүлэн, удирдан зохион байгуулж байсан иргэдийг нь баривчлан шалгаж, бусад этгээдүүдийг хоргодож байсан зочид буудалд нь цагдаагийн хамгаалалт дор саатуулж байгаа хэрэг нийгмийг цочроогоод байна.
Хятад иргэдийн зохион байгуулалттай үйл ажилллагаа явуулж байсан байрнуудаас тэдний ашиглаж байсан 1000 орчим өндөр хүчин чадалтай компьютер, 10,000 гаруй утасны сим картыг цагдаагийн байгууллагынхан хурааж авсан.
100 , 1000 биш 10.000 утасны дугаар гэдэг маш том тоо. Эдгээр гадаад хүмүүс хэрхэн ийм их хэмжээний утасны дугаарыг авч хэрэглэж байсан нь гайхмаар. Ямар замаар нийлүүлсэн, өгсөн, авсан нь ноцтой асуудал.
Энэ утасны дугаарууд хэн нэгэн монгол хүний нэр дээр бүртгэлтэй байсан нь тодорхой. Тэгэхээр ямар хүмүүсийн хувийн мэдээллээр эдгээр дугааруудыг ашиглаж байв гэдэг ч аюултай юм.
Монголд Мобиком, Юнител, Скайтель, Жимобайл 4 компани үйл ажиллагаа явуулдаг.
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл хятад иргэд аль үүрэн телефоны компаний сим карт хэрэглэж байсныг нууцлаж байгаагаа мэдэгдсэн. Хувийн хэвшлийн байгуулага учраас нэр төрд нь халгаатай гэж Д.Гэрэл дарга үзэж байгаа юм.
Юутай ч Улаанбаатарын гудамжаар хөглөрч, тараагдаж байдаг утасны дугаарууд ийнхүү гэмтнүүдийн хэрэгсэл болжээ.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр 2 үүрэн телефоны компаний нэр энэ хэрэгт холбоотой гэж дуулдаж эхэллээ. Хууль хяналтын байгууллагууд эдгээр компанийн холбогдох хүмүүсээс тодруулга авах ажиллагаа явагдсан гэх ч сураг гарлаа.
Юутай ч албан эх сурвалжаас тодруулга авахаар Юнител компанийн Олон нийттэй харилцах албаны менежер Ц.Батгэрэлтэй холбогдож ярилцлаа.
Саатуулагдсан хятад иргэдийн ашиглаж байсан сим карттай холбоотой танай компаний холбогдох хүмүүсээс цагдаагийн байгууллага асууж, тодруулах ажиллагаа явагдсан гэсэн яриа байна?
Энэ хэрэгтэй холбоотойгоор Юнител компанийг шалгах тухай ямар нэгэн асуудал болоогүй байна. Хууль хяналтын байгууллагаас албан ёсоор шалгах албан бичиг, тоот манайд ирээгүй.
Эдгээр иргэд их хэмжээний сим карт ашиглаж байсан байна. Бүртгэлгүй ашиглах боломж бий юу?
2019.08.20–ны өдрийн Засгийн газрын 276 дугаар тогтоол гэж гарсан. Энэхүү тогтоол нь Монгол Улсад байгаа үүрэн телефоны хэрэглэгчийн дугаарыг бүртгэлжүүлэх тухай юм.
Тиймээс бид энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор хэрэглэгчидтэйгээ холбогдож, сануулга өгч бүртгэлгүй байсан бүх дугаарыг бүртгэлжүүлсэн. Холбогдоогүй иргэдийн дугаарыг устгасан.
Бүртгэлгүй дугаарууд байдаг хэрэг үү?
Манай компанид онлайнаар нээлттэй болон дуудлага худалдаагаар дугаар авах боломжтой үйлчилгээ байдаг. Тиймээс энэ дагуу дугаар авсан иргэд бий. Одоо бол бүртгэлгүй ямар ч дугаар байхгүй.
1 хэрэглэгч ер нь хэдэн дугаар ашиглаж болдог юм бэ?
Хуулиар бол хэрэглэгч хэдэн ч дугаар ашиглаж болно. Гэхдээ 1 хүн дээр 1000 дугаар гарна гэж байхгүй. Харин манай компаний дотоод журмаар 1 хэрэглэгч 5 хүртэлх дугаар өөрийн нэр дээр хэрэглэх боломжтой.
Мобиком, Юнител компаниуд гудамжинд, автобусны буудал дээр хүртэл дугаараа үнэ төлбөргүй тараагаад сууж байдаг. Ингэж болдог юм уу?
Манай компани дугаараа үнэгүй өгдөггүй, төлбөртэй байдаг.
Танай компани хэдэн хэрэглэгчтэй вэ?
1,5 сая хэрэглэгчтэй.
Юутай ч албаны хүн ийнхүү “албаны” хариулт өглөө. Байдал цаашид хэрхэн өрнөхийг бид харах л үлдлээ...
Н.Тунгаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ