“Монголын үндэсний фронт”-ын тэргүүнээр тоймч Ш.Гантулгыг томилжээ

"Монголын үндэсний фронт" хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.11.12/ мэдээлэл хийлээ.
Тус хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнай нь энэ сарын 8-нд болсон "Эх орон дуудаж байна" жагсаалын маргааш фронтоос гарахаа мэдэгдсэн билээ. Мөн фронтод нэгдээд байсан хошууч генерал З.Болдбаатар өөрийн фейсбүүк хуудаснаа "Үзэл бодол нэгдэхгүй байна" гэх шалтгаанаар фронтоос гарч байгаа талаараа бичжээ.
Тиймээс “Монголын үндэсний фронт” хөдөлгөөний удирдах зөвлөл энэ сарын 11-нд хуралдан Б.Баярмагнай, З.Болдбаатар нарыг хөөх болон шинэ тэргүүнээр тоймч Ш.Гантулгыг томилох шийдвэр гаргажээ. “Монголын үндэсний фронт”-ыг шударга, улстөрийн мэдлэг, боловсролтой хүн удирдах ёстой хэмээн Ш.Гантулгыг сонгож байгаагаа тэд хэлж байсан юм.
“Монголын үндэсний фронт” хөдөлгөөний тэргүүн Ш.Гантулга “Бид Монгол Улсыг сөнөөж байгаа авлигач, улсын хөрөнгийг иддэг, 60 тэрбумын болон ЖДҮ-ийн хэрэгтнүүдтэй тэмцэж, тэднийг Засгийн газрын ордноос хөөхийн төлөө цорын ганц зорилгыг өвөрлөн Монголын үндэсний фронтыг байгуулсан. Фронт гэдэг бол дайсантай шууд тулалддаг газар. Бидний өмнө тавигдсан зорилго бол дайсантай нүүр тулан тулалдах юм. Тулааны талбараас зугтаагаад явчихсан хүмүүс гарлаа гээд тухайн цэргийн анги бутарч хагарсан гэж хэлж болохгүй. Харин тэндээс аймхай хулчгар амьтад нь зугтаасан, үнэнч шударга, зоригтой хүмүүс нь тулаанаа үргэлжлүүлэхээр үлдсэн гэж ойлгох ёстой. Миний хувьд Монголын ард түмний төлөөх тэмцлээ цаашид үргэлжлүүлэх болно. Арваннэгдүгээр сарын 15-ны өдөр зарласан жагсаалыг хийх учраас Монголын төлөө цохилох зүрхтэй хүн болгоныг Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирэхийг уриалж байна” гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ