Мэдээллийг мэдлэг болгон удирдах нь

МУИС-ын Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн эрхлэгч Д.Энх-Отгонтой удахгүй зохион байгуулах олимпиадын тухай ярилцлаа.
-МУИС-ын мэдлэгийн менежементийн олимпиад зохион байгуулж байгаа юм байна.. Энэ Олимпиадын талаар танилцуулна уу?
-“Мэдлэгийн Менежмент” олимпад нь 2012 оноос эхлэн жил тутам зохион байгуулагдаж ирсэн. Тус олимпиадыг манай тэнхимийн шилдэг төгсөгч, одоогоор Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбатын санаачлага, ивээн тэтгэлэгээр зохион байгуулснаар уг олимпиадыг зохион байгуулдаг уламжлал тогтсон.
Энэ жил 7 дахь удаагийн олимпиадыг зохион байгуулахаар Менежментийн тэнхимийн хамт олон шамдан ажиллаж байна.
Өнгөрсөн олимпиадад ШУТИС, ХААИС, СЭЗИС, ХИС, Улаанбаатар Эрдэм их сургууль, Олон улсын Улаанбаатар дээд сургууль, Отгонтэнгэр Их сургууль зэрэг томоохон сургуулиудын бизнесийн удирдлагын чиглэлээр суралцдаг оюутнууд амжилттай оролцож ирсэн.
Энэхүү олимпиад нь оюутан суралцах хугацаандаа олж авсан онолын мэдлэг, ур чадвараа ашиглан бизнесийн шийдвэр гаргахад чиглэсэн. Олимпиад нь “Бизнесийн стратеги тоглоом” нэртэй симуляцийг ашиглан зохион байгууллагддаг ба бизнесийн шийдвэр гаргалт нь бодит байдалд ойрхон, багийн гишүүдийн мэдлэг, ур чадварыг бүрэн дайчилж оролцохыг шаарддаг.
- Та “Бизнесийн стратеги тоглоом” гэж ярилаа. Энэ нь оюутнуудын суралцах чадвар болон шийдвэр гаргалтад хэрхэн тус болох вэ?
-Энэхүү симуляци нь бизнесийг тодорхой нэг үйлдвэрлэлийн салбарт эхлүүлж, цаашид бизнесээ өргөжүүлэн хөгжүүлж авч явахыг шаарддаг. Үүний тулд багийн гишүүдийн хамтын ажиллагаа, харилцааны ур чадвар, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх, багийн нягтрал, хамтын чармайлтыг буй болгоход тустай. Эзэмшсэн мэдлэгээ бодит хэрэглээ болгох, ур чадвараа хөгжүүлэхэд тустайн дээр багаар ажиллах, харилцаа зэрэг хөрвөх ур чадвараа нэмэгдүүлэхэд ч тустай.
Зөвхөн нэг олимпиадад оролцож ялах, ялагдах тухай гэхээсээ илүүтэй оролцогчид богино хугацаанд бодитоор бизнесийн ертөнцөд хөл тавьж үзэж байгаа хэрэг. Энэхүү туршлага нь мэдээж оролцсон, оролцохоор бэлтгэгдсэн багуудын хувьд цаашид амьдралдаа шийдвэр гаргахад ч ямар нэг талаар тустай болдог гэдэгт багш хүний зүгээс гүн бат итгэлтэй байна.
- Энэ олимпиад нь “мэдлэг”-ийг хэрхэн бүтээж байгаа вэ?
-Мэдлэг гэдэг бол үндсэндээ мэдээлэл байдаг. Тэрхүү мэдээллийг мэдлэг болгож үлдээх нь суралцагчаас шалтгаалдаг шүү дээ. Тиймээс л бодит бизнесийн талбар шийдвэр гаргах, стратегийн симуляцийг хийж оюунаа уралдуулан, мэдлэг болгон авч үлдэх боломжийг оюутнууддаа олгож байгаагаараа онцлогтой юм.
Мэдлэгийг бүтээх гэхээсээ илүүтэй эзэмшсэн мэдлэгийг хэрэглээ болгох тал дээр үнэхээрийн тустай гэдгийг дурдах нь зүйтэй болов уу гэж бодож байна.
- Цаашдаа энэ олимпиад хэрхэн өргөжих бол? Зөвхөн бизнесийн сургуулийн хүрээнд л явагдах уу? Бизнесээс бусад салбарын оюутнууд оролцох боломжтой юу?
-Олимпиадад оролцох оролцоог нэмэгдүүлэх, илүү олон сургуулийг хамарч оролцуулах сонирхол байгаа. Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцдаг оюутнуудад илүү хамааралтай ч стратегийн асуудалд чиглэдэг гэдэг утгаараа Батлан хамгаалахын их сургууль ч оролцох боломжтой.
- Ер нь сүүлийн үед боловсролын салбарын хувьд мэдлэгийг хэрхэн ур чадвар болгох вэ гэж ихээхэн яригдах болсон. МУИС энд хэрхэн хувь нэмрээ оруулж байгаа гэж та бодож байна?
-Мэдлэгийг ур чадвар болгох асуудал олимпиад, уралдаан тэмцээний хүрээнд шийдэгдэхгүй нь мэдээж. Үүнд салбарын бодлого, ажил олгогч, их дээд сургуулийн хамтын ажиллагаа, бусад оролцогч талуудын оролцоог бодитоор шуурхай ажил хэрэг болгох хэрэгтэй гэж үзэж байна.
Бидний хувьд сургалтын чанарыг сайжруулахын тулд хөтөлбөрийг тогтмол шинэчилж, шинэлэг сургалтын арга нэвтрүүлэх талаар санаачлага гаргаж ажилладаг. Мөн оролцогч талуудтай хамтын ажиллагаа өрнүүлж оюутныг суралцах хугацаанд нь дадпагажуулах, оюутнуудыг практик судалгаанд татан оруулцуулах зэргээр хувь нэмрээ оруулж ажиллаж байна.
Таньд оюутан багш нарт зориулж хэлэх уриалах зүйл байна уу?
Багш бүр санаачлагатай, шинийг эрэлхийлэгч, эерэг хандлагатай ирээдүйн мэргэжилтэн бэлтгэхэд бидний оролцоо улам бүр нэмэгдэж байна. Ирээдүй биднээс шууд хамааралтайг байнга санаж улам бүр идэвхи зүтгэл гаргаж ажиллахыг уриалж байна.
Мөн оюутнууддаа, сургуулиас багшаас сонссон мэдээллээ өөртөө хэрхэн яаж авч үлдэн, мэдлэгийн цараагаа өргөжүүлэх вэ гэдэгт оюунаа байнга ашиглаарай гэж захимаар байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ