Мөрөөдөл биелэх "Мөсөн өргөө"-ний" барилгын ажил 54 хувьтай явагдаж байна

 Монголын анхны "Мөсөн өргөө" ийнхүү  Яармагт босч байна. Өнгөрсөн хавар шаваа тавьсан  өргөөний барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 54 хувьтай байгаа аж.

Огторгуйн хийцтэй  “Мөсөн өргөө” нь  олон улсын стандартад нийцсэн, өвөл, зунгүй үйл ажиллагаагаа явуулах зориулалттай.  

Мөсөн өргөө нь  ашиглалтын 5700 м.кв талбайтай бөгөөд 2600 хүртэлх үзэгчдийн суудалтай. Мөн Олон улсын Олимпийн хорооны стандарт хэмжээс /60 метр х 30 метр/ бүхий мөсөн гулгуурын талбайтай баригдаж байна. Тамирчид, шүүгчид болон олон нийтийн ая тухыг хангах фитнесс клуб, хувцас солих дөрвөн өрөө, кофе шоп, усан сан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, талбайтай байхаар төлөвлөжээ. Энэ төсөлд одоогоор 20 орчим тэрбум төгрөг зарцуулжээ.

“МӨСӨН ӨРГӨӨГ 16 САРЫН ДОТОР БАРИХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ”

"Монголын хүйтний улирал урт. Гэтэл манай улсад стандартад нийцсэн уран гулгалт, хоккейн спортын битүү ордон байхгүй. Тиймээс  ийм өргөөтэй болохыг хүссэн, жил гаруйн хугацанад барина" гэж "Мөсөн өргөө" төслийг санаачлагч П.Цагаан амлав. Тэрбээр  яагаад мөсөн өргөө барихыг санаачилсан тухай жижиг түүх хуучилсан юм. П.Цагаан хэдэн жилийн өмнө олон улсын хуралд оролцох үедээ Канадын нэг иргэнтэй танилцжээ. Шинэ танил нь түүнээс “Танай улс хэдэн мөсөн өргөөтэй вэ” гэж асуусан гэдэг.  Тэр үедээ П.Цагаан “Манайх өвлийн улиралд гадаа байгалийн цас, мөсөн дээр тоглодог юм” гэж ам хаасан ч цаанаа яагаад битүү дээвэртэй Мөсөн өргөө барьж болохгүй гэж бодогдсон тухайгаа ярив.  Түүнээс хойш тав зургаан жил энэ өргөөг барих талаар дотроо мөрөөдөж явсан. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд гэргийнхээ үүсгэн байгуулсан “Ачит ихт” компаниар гол санхүүжилтийг нь гаргуулж, уг төслийг үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниуд дэмжин хамтран ажиллаж буйг онцлов.

Мөсөн өргөөний  бүтээн байгуулалтын ажил өнгөрөгч дөрөвдүгээр сарын 14-нд албан ёсоор эхэлжээ.  Хоёр жилийн хугацаанд буюу,  16 сарын дотор барих төлөвлөгөөтэй. Ирэх жилийн долдугаар сард нээлтээ хийхээр зорьж байгаа аж. Энэ байгууламжид спортын ордноос гадна урлагийн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой гэнэ. "Мөсөн өргөөг бүтээн байгуулахад үндэсний компаниуд хамтран ажиллаж, хамтдаа юу бүтээж чаддагийг өнөөгийн нийгэмд харуулах зорилготой. Уг төслийг маань сайн санаатай маш олон хүн дэмжиж байгаа учраас цаг хугацаандаа ашиглалтад орно гэдэгт итгэлтэй байна. Ямар ч байсан мөсөн өргөө ашиглалтад орсноор өвлийн олимпод оролцох баг, тамирчдын тоо нэмэгдэх байх гэж найдаж байна” гэж П.Цагаан ярьж байна.

Мөсөн өргөө ордон нь зөвхөн барилга байгууламжаар хязгаарлагдахгүй. Ордонд олон улсын спортын тэмцээн зохион байгуулахаас гадна урлагийн тоглолт, хурал цуглаан ч зохион байгуулж болох аж. Мөн талбай дахь уралдааны өрсөлдөөнийг тодруулан харуулах дөрвөн талт дэлгэц байршуулах юм байна.

 “МӨСӨН ӨРГӨӨН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 54 ХУВЬТАЙ ИД ӨРНӨЖ БАЙНА”

“Степпе Арена” компанийн гүйцэтгэх захирал Н.Батмөнх “Мөсөн өргөөний мөсийг  Олон улсын олимпийн хорооноос гаргасан мөсөн гулгуурт талбайн стандарт хэмжээстэд заасны дагуу хийнэ. Учир нь олимп, тивийн аварга, дэлхийн аваргын тэмцээнийг нэг стандарт талбай дээр явуулах ёстой байдаг. Тиймээс олон улсын олон талбайн мөсийг тавьж байсан Австрийн туршлагатай компаниар мөсийг тавиулна. Одоогийн байдлаар бүтээн байгуулалтын ажил 54 хувьтай ажил ид өрнөж байна. Байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд долоон компанийн 150 гаруй техник мэргэжлийн ажилчид оролцоод байна. Мөн БНХАУ, Австри улсын мэргэжилтнүүд зөвлөхөөр ажилладаг. Бид байгууламжаа барихдаа дээвэр хэсэгтээ нарны эрчим хүчийг ашиглахаар тооцоолж байна” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ