Монгол бахархлын өдөрт зориулсан үзэсгэлэн нээгдлээ

Эзэн богд Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой “Монгол бахархлын өдөр”, Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын соёмбо үсэг зохиосны 333 жил, Монголын сүүлчийн эзэн хаан, VIII богд Жавзандамба хутагтын мэлмий гийсний 150 жилийн ойд зориулсан “Монголын төрт ёсон ба бичиг соёлын өв” үзэсгэлэнгийн нээлт Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр боллоо.

image

Үзэсгэлэнд Чингис хаанаас уламжилж ирсэн их шар туг, Цэнд гүнгийн орчуулсан “Монголын нууц товчоон”-ы гар бичмэл, Чингис хаанаас эхлэн хөтөлсөн Монголын алтан ургийн цагаан яст тэнгэр язгууртнуудын ургийн бичиг, хувь цуглуулагч Д.Амарсанаад хадгалагдаж буй соёмбо үсгийн дурсгалын бичгийн болон эд өлгийн зүйлс, соёмбо үсгээр бичсэн төрийн дуулал, Үндэсний номын сангийн алтан сан хөмрөгт хадгалж буй сурвалж бичгүүд, түүхэн баримт гэрээнүүд зэрэг ховор нандин зүйлсийг дэлгэн үзүүлжээ.

image

Соёмбо үсгээр бичсэн Монгол Улсын төрийн дуулал

Монгол түмний оюун санааны гэрэл гэгээг тусгасан эл үзэсгэлэнд соёлын гавьяат зүтгэлтэн “Дашчойлин” хийдийн тэргүүн хамба Дамбажав, Үндэсний номын сангийн захирал, “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Б.Ичинхорлоо, НҮБ-ын Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн академич, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор, дэслэгч генерал Ш.Арвай, гавьяат багш Ц.Даваасүрэн нарын эрхэм хүндэт эрдэмт мэргэд хүрэлцэн ирсэн байв.

Чингис хаанаас эхэлсэн Монголын цагаан яст язгууртнуудын алтан ургийн бичиг

Энэ үеэр Үндэсний номын сангаас эрхлэн гаргасан “VIII Богдын буман зарлиг” хэмээх Богд хаан Жавзандамбын түвд хэлээр туурвисан сүмбум бүтээлийн чуулганы нээлт болж, “Монголын эзэнт гүрэн” номыг улсын хэмжээний 376 номын санд гардуулан өгөх ёслолын ажиллагаа дашрамдсан юм. “Монголын төр ёсон ба бичиг соёлын өв” хэмээх эл сайхан үзэсгэлэн энэ сарын 25-наас ирэх арванхоёрдугаар сарын мөн өдөр хүртэл үргэлжлэн гарах юм байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ