“ХҮ” хамтлагийн продюсер Б.Дашдондог яг юу гэж хэлэхийг хичээв?

Монгол бахархлын өдрийг тохиолдуулан “Хү” хамтлагийг Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон -“Чингис хаан” одонгоор шагнасан билээ. Анх удаа хамт олон буюу хамтаараа лаг байсан хүмүүст олгож байгаа энэ удаагийн шагналыг гардаж авах үеэр “ХҮ” хамтлагийн продюсер Б.Дашдондогийн хэлсэн үг олны анхаарлыг татаж байлаа. Ивээлт өвөг дээдэс хэмээн уран яруу эхэлсэн энэхүү талархалын үгийн эхэнд Мэргэн сайд, сэцэн түшмэд хэмээх аугаалан дуудсан урьд эртийн хэллэгийг оруулж хэлсэн нь өнөө цагийн эрхтэн дархтануудад нэгийг бодогдуулсан боловуу. Өөрөөр хэлвэл улс орныг удирдаж буй өнөөдрийн эрхэмүүд Мэргэн сайд, сэцэн түшмэдээрээ дуудуулах нэр нүүр ямарсан байгаа билээ. Эс бөгөөс эрх мэдэлтнүүдийг ичтэл нь ёжилсон байж мэдэх “ХҮ” хамтлагийн продюсер Б.Дашдондогийн үг төрийн хүн ямар хэмжээнд байх тэр хэмжүүрийг далд хэлсэн мэндчилгээ ч байж болох. Хэрвээ шууд утгаараа бол сүүлийн үеийн нэршлээр "пялдага" болж таарна. Ямартай ч их л хичээнгүй бэлдсэн бололтой энэ үгсийг зүгээр л нэг хуучинсаг гоё үгсийн цуглуулга гэвэл эндүүрэл болох биз. Бас тэрбээр цааш нь:
- Би Та бүхэндээ энэ цаг дор Их Эзэн Чингис хааны билигт сургаалаас өөрийн хэлэх дуртай нэгэн эшлэлийг хэлэхийг хүсэж байна.
“Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсэж байгааг олж мэдэхийг хичээгтүн. Юу хүсэж байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй. Өчигдөр их сууринд суумагц, Өнөөдөр улсын хэргийг орхиж, Биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй” гэж айлдсан Суут Богд Чингис хааны мэргэн сургаал, үг бүр цаг элээх тутам амьд байж, үнэнийг сургасаар, амьд зарлиг нь алтнаас ч үнэтэй болохыг ухаарч байгаагаа хэлэх нь зүйтэй байх хэмээсэн юм. Эл үгсээс “Олон түмнийхээ чухам юу хүсэж байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй" хэмээх санаа нь анхаарал татмаар санагдаж байлаа. Үнэхээр ч улс эх орноо өрөнд оруулж, саарал жагсаалтад аваачаад хийчихсэн эрх баригчид, эрхтэн дархтануудад ухамсарын шанаа болохоор ишлэл байвуу?.
Төрөөс өгсөн эзэн Чингэсээр овоглох тэргүүн зэргийн одонгоо улам ихийг хийж бүтээх ташуур болог хэмээн тайлбарлаж ярилцлага өгч байсан тэрбээр эзэн Чингэсийнхээ нэрээр, эр хонгор хоолойгоор эрх баригчидыг үгээр ороолгож ташуурдаж өгөөд гаравуу яав? Ийнхүү түүний хэлсэн үгийг дахин нэгэнтээ сануулья.
Ивээлт өвөг дээдэс,
Их Эзэн Чингис хаан минь ээ,
Мөрийн зэрэгт хүргэгдэж
Төрийн хэрэгт өргөгдсөндөө
Мөхөс би талархаж, нэгэнтээ мэхийн ёсолъё.
Эрхэм хүндэт, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Танаа,
Эрхэм хүндэт, Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Танаа,
Эрхэм хүндэт, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Танаа
Мэргэн сайд, сэцэн түшмэд Та бүхэндээ хоёронтоо мэхийн ёсолъё.
Эрхэмсэг монгол соёлын дээд оршихуй, төр ёсны алдар хүндэтгэлийг хүлээсэн номын мэргэд, урлагийн зүтгэлтнүүд, нэр цуутай хамтран зүтгэгчид ээ,
Эрч хүч, хөдөлмөр зүтгэл, бяр чадлаа гайхуулж Монголыг дэлхийд тамгалсан спортын дэвжээнд гялалзагч хүчтэнүүд ээ,
Анд найз нар аа,
Элэг нэгт монгол ахан дүүс Та бүхэндээ гурвантаа мэхийн ёсолъё.
Чонос удмын Баярмагнай овогтой Дашдондог миний бие Та бүхэндээ өвлийн тэргүүн сарын шинийн нэгний бэлгэт сайн өдрөөр “Хү” хамтлагийнхаа эрч хүчтэй, эрэлхэг цоглог залуучууд болон удам сударт ах дүүсийнхээ нэрийн өмнөөс Их Эзэн Чингис хааныхаа мэлмий гийсэн Монгол бидний бахархлын өдрийн мэндийг хүргэж, мэндчилж байгааг минь тогтоон соёрхоно уу.
Өлзий учралт бэлгэт сайн энэ өдөр Төрийн сүлд, Есөн хөлт их цагаан тугийнхаа оршихуй дор Мөнх тэнгэрийн ташуур Эзэн Чингис хааныхаа нэрээр адислагдсан дэлхийд цор ганц эрхэм дээд шагналыг хүртэж, “Хү” хамтлагийнхаа нэрийн өмнөөс хүлээн авч байгаадаа туйлын баяртай байна. Яг энэ түүхэн мөчид “Хү” хамтлагийн маань хөдөлмөрч, авьяаслаг, даруу төлөв залуус маань Монгол угсаатны цаглашгүй их түүх, өв соёл, үндэсний урлаг, эх сайхан орноо сурталчилж, нэр алдраа цуурайтуулан, дэлхийн үзэгчдийг дуу хуураараа байлдан дагуулсаар байна.
Энэ хүртэл бид ганцаараа байгаагүй. Хайрт хань, гэр бүл, хамтлагийн менежерүүд, найз нөхөд гээд хүч хөдөлмөр, хүнлэг сэтгэл, тус дэмээрээ энэ амжилтыг хамтдаа бүтээсэн хүн нэг бүрд гүн талархлаа илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. Гардахыг нь би гардавч, гавьяаг нь Та бүхэн хамтдаа хүртэх ёстой юм шүү.
Их цадигт өвгөдийнхөө түүхгүйгээр бид хэн сэн билээ?
Их оюунт өвгөдийнхөө үнэн сургаалгүйгээр бид бас хэн сэн билээ?
Өнөөгийн дэлхий дахины соёл иргэншлийн үндэс суурь болсон төрт улс, хууль цааз, худалдаа арилжаа, шуудан холбоо, гүрэн дамжин зорчих алтан гэрэгэ, соёлын өв болсон анхны найрал хөгжим зэрэг улс орнуудын оршин тогтнол, бүрэн эрхийн баталгаа болсон үндэс суурь гээд олон зүйлсийг бидний өвөг дээдэс, монголчууд бид хүмүүн төрөлхтөнд нээн өгсөн билээ.
Бид эв эеийг хичээж, эвлэлдэн нэгдэж чадваас өвөг дээдэс шигээ оюун санаагаар хүчирхэг улс гүрнийг дахин цогцлоож чадна гэж би боддог.
Тойроод гарахгүй, туулаад өнгөрөх энэ богинохон амьдралдаа ирээдүй хойч үеийнхээ төлөө чадах бүхнээ хийгээд, өвөг дээдсийнхээ үйл хэрэг, хүсэл мөрөөдлийг нь бага ч болтугай урагшлуулахын төлөө бид амьдрах ёстой.
Би Та бүхэндээ энэ цаг дор Их Эзэн Чингис хааны билигт сургаалаас өөрийн хэлэх дуртай нэгэн эшлэлийг хэлэхийг хүсэж байна.
“Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсэж байгааг олж мэдэхийг хичээгтүн. Юу хүсэж байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй. Өчигдөр их сууринд суумагц, Өнөөдөр улсын хэргийг орхиж, Биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй” гэж айлдсан Суут Богд Чингис хааны мэргэн сургаал, үг бүр цаг элээх тутам амьд байж, үнэнийг сургасаар, амьд зарлиг нь алтнаас ч үнэтэй болохыг ухаарч байгаагаа хэлэх нь зүйтэй байх. Жил бүрийн энэ цаг дор Эзэн хааныхаа сургаал зарлигийг хэлэлцэж, үр хойчистоо захин үлдээж байх санаачилгыг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн энэ өдөр, Богд дээдсийнхээ өндөр их алдраар соёрхсон, Монгол төрийн тэргүүн эрхэм дээд одонг улсынхаа төрийн тэргүүнээс гардан авсан энэ цаг мөчид миний бие гаргаж байна.
Хөрст дэлхийд дээд хөх тэнгэрийн дор
Хүчирхэг болохыг дахин харуулан
Өвөг дээдсийнхээ үзэл санаа
Өв соёл оюуныг дахин мандуулахын төлөө бүх хүчээ зориулан
Хойч үедээ хүчирхэг Монголоо уламжлуулан үлдээж, ухуулан сэргээж явахаа Төрийн сүлд, Есөн хөлт их цагаан тугийнхаа өмнө амлан тангараглая.
Мөнх тэнгэр биднийг ивээг” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ