"Гоёл-2020" наадaм өнөөдөр 19:00 цагт Соёлын төв өргөөнд болно

Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг "Гоёл 2020" наадам 32 дахь жилтэйгээ золгож байна. Энэ жилийн наадам өнөөдөр (2019.11.30) 19:00 цагт Соёлын төв өргөөнд болно.
Монголын загварын хамгийн том наадмын мэдээллийн ивээн тэтгэгчээр энэ жил "Эрхэт Монгол" медиа групп болон түүнд харьяалагддаг "ТВ8" телевиз, "Зиндаа" сэтгүүл, Zindaa.mn сайт, "Өглөөний сонин", "Толь" сонин ажиллаж байна.
ТВ8 телевиз өнөөдөр "Гоёл-2020" наадмыг албан ёсны эрхтэйгээр орон даяар шууд дамжуулан үзэгчдийн хүртээл болгоно. Мөн Zindaa.mn сайт, өдөр тутмын “Өглөөний сонин”, Breakingnews.mn, Zone.mn сайтууд "Гоёл" наадмыг сурвалжлан хүргэнэ.
Дашрамд сонирхуулахад, "Гоёл" наадмын хүрээнд зохион байгуулсан "Mongolian fashion week" энэ сарын 26-28-нд "Blue sky towert"-т болж, 80 орчим загвар өмсөгч оролцлоо. Тэдгээрээс 70 загвар өмсөгчийг гала тоглолт буюу "Гоёл 2020" наадмын үндсэн үзүүлбэрт оролцуулахаар шалгаруулжээ.
"Гоёл 2020" наадмын шүүгчээр Япон, Бельги улсын дизайнерууд болон "Гоёл" наадмын гранпри шагналтнууд ажиллана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ