Шинэ жилийн баярын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газраас шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан хариуцсан дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам сахиулах чиглэлээр хяналт шалгалт, эргүүлийн үйл ажиллагааг идэвхжүүлэн ажиллаж байна.
2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 10 хоногийн хугацаанд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг нийт 120 гаруй аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, 49 зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, зөрчил гаргасан этгээдийг 318 иргэнийг эрүүлжүүлэн саатуулж арга хэмжээ авсан байна.
Мөн шинэ жилийн баярын ёслолоо тэмдэглэн өнгөрүүлэхдээ өөрийн болон бусдын амгалан тайван, аюулгүй байдлыг хангаж, зөв боловсон, гэмт хэрэг, зөрчилгүй тэмдэглэн өнгөрүүлэх чиглэлээр дараах зөвлөмжийг хүргэж байна.
Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхээс татгалзаж, зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх.
Осгох, хөлдөх эрсдлээс урьдчилан сэргийлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ганцаараа зорчихгүй байх, найдвартай такси үйлчилгээг сонгон үйчлүүлэх.
Шөнө оройн цагаар ганцаараа явахгүй байх, шаардлагатай тохиолдолд гэрэлтүүлэгтэй, хүн ихтэй, хяналтын камертай зэрэг аюулгүй гудамж, замыг төлөвлөн зорчих.
Өөрийн эд зүйлсээ хулгайчаас хамгаалж найдвартай газар хадгалж, байршуулах.
Тээврийн хэрэгслийн хаалга, цонхыг хаасан, түгжсэн эсэхээ тогтмол шалгаж, тээврийн хэрэгслээ аюулгүй байдал хангагдсан тохиромжтой газарт байрлуулах.
Салют, приотехникийн хэрэгсэл болон шаардлага хангахгүй хүний эрүүл мэндэд аюултай бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх.
Эцэг эх, асран хамгаалагч нар хүн ихээр цугларсан олон нийтийн газар бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах.
Аж ахуйн нэгж байгууллага, иргэд нь эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалдаа анхаарч хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ