Хүйтний улиралд түүхийгээр иддэг жимс, ногоогоо ч жигнэж идээрэй

Нар наашаа буцаж байгаа сайхан өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр жилийн хамгийн богино өдөр ч, хоног хоногоор өдөр уртасна гэхээр сайхан санагдаж байна. Гэхдээ ес эхэлж байгаа учраас бас чиг хэсэг тачигнана аа, тачигнана. Өвлийг өнөтэй давахын тулд дулаан сайхан хувцаслахаас гадна хоол хүнсээ тохируулах чухал шүү гэдгийг хэдэн биендээ дахиад сануулцгаая. Халуун бүлээн хоол идэж, түүхий ногоо жимсийг бусад улиралд иддэгээсээ бага идэх хэрэгтэй. Тухайлбал, алим, лийрээ хуучин шигээ ширхийтэл хазаад идэхийн оронд жигнээд идэж болно. Ер нь зарим ногоо, жимс түүхийгээр идсэнээс боловсруулаад идэхэд үр шим нь илүү болох нь байдаг. Бидний ихээр иддэг нэрс жимс маш өндөр антиоксидант чанартай бөгөөд боловсруулаад идэхэд бүр нэмэгддэг гэдэг нь судалгаагаар нотлогдсон байдаг. Улаан лоолийнх мөн түүхийгээр нь идсэнээс жигнээд идвэл бас нэмэгддэг байгаа юм. Уламжлалаараа түүхийгээр нь идэх дуртай хүн байгаад байвал хүчлэх нь хаашаа юм. Гэхдээ гадаа хүйтэн байгаа энэ улиралд болж өгвөл түүхий жимс ногооны хэрэглээгээ багасгаарай гэж зөвлөе. Боловсруулалтад оруулаад идэхэд хоолны шинж чанар өөр болдог.
Ананастай тахианы ид сезон мөн боловч өвлийн энэ цагт тахиа, загасны махны хэрэглээгээ багасгаарай. Хорьчих нь бараг л зөв. Манайхан дандаа улаан мах идэж байгаа юм чинь гээд зарим өдөр тахиа, загасыг хоолны цэсэндээ оруулдаг байх. Гэхдээ идэх улирал нь бас биш. Хий ихээхэн нэмэгдүүлдэг чанартай махнууд. Өвөл адуугаа иднэ дээ гэх хүмүүс их байдаг. Уг нь адуу, хонины гээд халуун чанартай махаа идэх улирал нь мөн. Гэхдээ хэдэн өдрөөр үргэлжлүүлж идэх, эсвэл цагаан сар өнгөрөхөөс урьтаад идэшний адууны махаа түлхүүхэн идээд дуусгая гэх хандлага байдаг. Уг нь удчихаар адууны мах хуучирчих гээд байх ч ходоод гэдсээ хайрлах үүднээс тааруулж хүртэх нь зөв юм билээ. Халуун чанартай махнуудаа дараалж идэх биш дундын чанартай үхрийн махыг завсарт нь оруулж ирж зохицуулалт хийх нь зөв. Ер нь гадаа хүйтэн энэ улиралд даарахгүй, хүйтэн чанартай хоол хүнс бага хүртэж харин халуун чанарыг дэмжих хоол хүнсээ түлхүү идээрэй.
Enerel Enkhtsag

СЭТГЭГДЭЛ БИЧИХ