Машиныг нь ачихаасаа өмнө эзэнд нь мэдэгдэж байхаар тогтлоо

     Өмнөх долоо хоногт  Нийслэлийн Засаг даргын орлогч, зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх  ачигч компаниудын төлөөлөлтэй уулзсан. Энэ үеэр машин ачиж байгаа хүмүүс  яаруу сандруу ажилтай яваа, эсвэл өвчин зовлонтой яваа хүмүүсийн машиныг эмнэлгийн гаднаас ачаад зугтадаг, бусдын  хүний хөрөнгөнд хайр гамгүй хандах  зэргээр олон нийтийг бухимдуулж байгааг онцолсон юм.

Мөн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Индра машин ачилтын компаниудад тавигдах шаардлагыг нэмэгдүүлж, зарим тохиолдолд гэрээгээ цуцлахаа мэдэгдсэн.

Түүнчлэн ачиж байх үед эзэн нь  ирсэн бол буцаан олгож байх ёстой гэдгийг сануулсан юм.

Ачигч автомашинуудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Наранбаатар “Холбооны зүгээс үүрэн холбооны дөрвөн оператор компанитай ярилцаад мессэж тусгай дугаарын гэрээ хийсэн. Ирэх долоо хоногоос зөвшөөрөлгүй газар машинаа байрлуулсан жолооч нарын машиныг ачихаасаа өмнө гар утсанд мессэж илгээдэг болно” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ