Татварын буцаан олголт 6 сая төгрөгийг гэр хороололынхон авч чадахгүй нь

     2020 оноос эхлэн татварын буцаан олголт 6 сая төгрөгийг шинээр орон сууц худалдаж авсан буюу байшин барьсан иргэнд олгохоор болсон.

    Татварын газрынхан орон сууц худалдаж авсны буцаан олголтын талаар сурталчилгааг хийгээд байгаа болохоос бус орон сууц барьсан иргэдийн талаар төдийлөн ярихгүй байна.

   Орон сууц шинээр буюу хувь хүний хоорондын гэрээгээр худалдан авсан иргэдийн хувьд бүрдүүлэх материал асуудал багатай ажээ. Харин гэр хороололд орон сууцны зориулалтаар байшин барьсан иргэд татварын буцаан олголтын 6 сая төгрөгийг авахад маш хүндрэлтэй байна.

   Учир нь барилга барьсан иргэн татварын буцаан олголт авахын тулд худалдан авсан барилгын материалын и-баримтыг цуглуулж баталгаажуулах юм байна.

     Гэтэл манайд и-баримтын үйлчилгээ нэвтрээд 4 жил болсон ч гэлээ ялангуяа барилгын материалын дэлгүүрүүд худалдан авагчидад баримт олгодоггүй. Ганц хадаас, ширхэг тоосго авахад ч баримт олгодог байсан бол татварын буцаан олголтоо авахад амар байлаа.

Төр засгийн шийдвэрийг барилгын материал худалдагчид, наймаачид хэрэгжүүлэхгүй байгаагаас байшин барьсан хүмүүс хохирч үлдэхэд хүрлээ. Өдий хүртэл и-баримтын үйлчилгээг нэвтрүүлэхгүй байгаа даварсан барилгын бизнесийнхэнд хариуцлага тооцох цаг нь болжээ.

Хэрвээ тухайн иргэн зээлийн эх үүсвэрээр байшингаа барьсан бол түүнийгээ нотлоод буцаан олголтоо авч яагаад болохгүй гэж.

Улаанбаатарыг утаагүй болгоё, гэр хороололыг цэвэрхэн цэгтцтэй хөгжүүлье гэсэн бодлого барьж байгаа бол амьдрах орон сууцаа өөрсдөө барьж байгаа иргэдэд татварын буцаан олголтыг нь өгөх уян хатан боломж бүрдүүлмээр байна.


Б.Туяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ