Хас банкны эдийн засагч харилцагчаа айлган сүрдүүлжээ


Харилцагчаа өргөмжилдөг Хас банкны эдийн засагч нэгэн харилцагчтайгаа зүй бусаар харилцаж, айлган сүрдүүлж, хэлэх хэлэхгүй үгээр дайрч давшилан, доромжилсон байна. Хас банкны эдийн засагч нь үүрэн телефоны тодорхой дугаарын утаснаас тухайн иргэн рүү залгаж маш бүдүүлэг авирласны эцэст түүнийг Хас банкны төв байрны хоёрдугаар  давхарт эдийн засагч нарын өрөөнд ирж уулз гэж тушаажээ.

Эдийн засагчид ёс бусаар толгойгоо эргүүлтэл загнуулж, доромжлуулсан иргэн хүнд байдалд орж, бие нь муудсан байна.  Тэгсэн хэдий ч загнуулсан өдрийнхөө маргааш эдийн засагчтай уулзахаар Хас банк дээр очиход эдийн засагч нь байсангүй.

Тийм учраас Хас банкны тухайн асуудал  хариуцсан ажилтантай  уулзаж,  эдийн засагчийнх нь харилцааны доголдлын талаарх гомдлоо гаргажээ. Гэтэл 10 хоног өнгөрөөд байхад банкныхан арга хэмжээ авсангүй, балмад авиртай эдийн засагчийнхаа талаар тодорхой сураг гаргасангүй ба манай сүлжээнд утасны дугаар нь олдохгүй байна гэдэг хариу өгчээ.

Хүн хэдэн ч утасны дугаар сольж барьж болдог энэ цаг үед ганцхан банкны сүлжээнд байгаа утасны жагсаалтдаа найдан хохирсон иргэний гомдлын талаар дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь гайхалтай.

Уг хүмүүс харилцагчдаа ийм хөндий хүйтэн байдал гаргаж байгаагаас дүгнэхэд үйлчлүүлэгчээ өргөмжилдөг хүндлэл нь хаачсан юм болдоо. Харилцагч гэлтгүй ямар ч хүнтэй хүнлэг ёсоор харилцах ёстой баймаар.

Хэрвээ салбар, нэгжээрээ эдийн засагчаа хайгаад олохгүй эсвэл энэ банкинд ажилладаг хүн  гэж үзэхгүй байгаа бол  банкны нэр барьж иргэнийг айлган сүрдүүлж, доромжилсон тухайн этгээдийг ХАС банкныхан олох арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэх ёстой бус уу.

Банкны халдашгүй дархан нэр төр, аюулгүй байдал гэж бий. Тэгвэл Хас банкны нэр хүнд тийм хямдхан биш байлтай.                                                                  Б.Гантуяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ