Төр, хувийн хэвшлийн түншлэлийн дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хурлаар “Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр батлах тухай, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төслийн тухай, “Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай” зэрэг зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
“Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр батлах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа. Тэрбээр “Төр, хувийн хэвшлийн түшлэлийн талаар хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгасан байдаг хэдий ч хэрхэн хамтарч ажиллах, төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдийг хэрхэн зохицуулж, хэрэгжүүлэх талаар нарийн тусгаж өгөөгүй байдаг. Энэ нь дотоод, гадаадын нэн шаардлагатай, ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтууд хэрэгжихгүй байх шалтгаан болж байгаа” гэлээ. Нөгөөтэйгүүр улс, нийслэлийг хөгжүүлэх бодлогын баримт бичиг, үндсэн чиглэлд тодорхой зорилтуудыг тусгаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр заасан ч ямар хөрөнгөөр хэрхэн хэрэгжүүлэх талаар тусгаагүй байгаа учраас үүнд хувийн хэвшлийн оролцоо нэн шаардлагатай, цаг алдалгүй шийдвэрлэх асуудал гэдгийн тэрбээр танилцуулгадаа онцлов. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх журамд тусгаснаар төсөл хөтөлбөртэй холбоотой аливаа эрсдэлийг төсөл хэрэгжүүлэгч өөрөө бүрэн хариуцах талаар тусгажээ.
Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Хэрэгжих хугацааг 2020-2025 он гэж тусгасан байна. Дэд хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр бол хэрхэн сунгах талаар хуулийн ямар зохицуулалт байна вэ. Нөгөөтэйгүүр төсөвт тусгаагүй төсөл хөтөлбөрүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх шаардлагатай. Хөгжлийн баримт бичгүүдэд тусгасан нэн тулгамдсан, шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тур дундаа богино хугацаанд, стратегийн ач холбогдолтой зорилтуудтай хэрхэн уялдуулсан” хэмээн тодрууллаа. “Улаанбаатар хөгжлийн корпоаци” ХК-ийн хуулийн зөвлөх н.Батсэлэнгэ “Энэхүү дэд хөтөлбөрийг тав хүртэл хугацаагаар хэрэгжүүлэхээр боловсруулсан байгаа. Хуульд тусгаснаар дэд хөтөлбөрийг богино, дунд, урт хугацаагаар баталж хэрэгжүүлэх зохицуулалттай. Дэд хөтөлбөрийн хэрэгжих хугацааг сунгаад явж болно” гэсэн юм.
Ийнхүү хэлэлцсэний дараа Тэргүүлэгчид “Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр батлах тухай, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төслийн тухай асуудлыг ээлжит XXX хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн тогтлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ