Сурагчдын амралтыг сунгах ЭМЯ-ны саналыг эргэж харахуу Ё.Баатарбилэг сайдаа?

Байгалийн түүхийн музеигээ балгас болтол нь нураачихаад гүрийсээр дуусгасан Ё.Баатарбилэг сайд маань бас ч гэж зөрүүд улс төрч гэдгээ удаа дараа муйхарлан харуулсаар байна. Нийслэлийн сурагчдын II дугаар улирлын амралт өнгөрсөн сарын 23-наас энэ сарын 13-ны өдөр хүртэл 21 хоног үргэлжилэх учиртай. Гэвч томуу, төст өвчин хэрээс хэтэрч хүүхдүүд маань хүндээр халууран хатгай авах байдал хаа сайгүй хавтгайрах янзтай. Эцэг эхчүүдийн олонхи нь энэ амралтын өдрүүдэд хачин ойлгомжгүй ханиадны вирустэй тэмцэж өнжив бололтой.
Эрүүл мэндийн яамнаас ч энэ тал дээр анхааран өрхийн эмнэлэгүүдийг хүртэл хагас бүтэн сайнгүй ажиллуулаа. Тус яамнаас сурагчдын амралтыг сунгах тухай хүсэлтээ ч Ё.Баатарбилэг сайдад ирүүлсэн боловч тэрээр доорх хариултыг өгсөн юм.
Тэрбээр “Эрүүл мэндийн яамнаас сурагчдын амралтыг сунгах хүсэлт ирсэн. Томуу, төст өвчин амбулаторийн үзлэгийн 15 хувьд хүрвэл сурагчдын амралтыг хойшлуулах зохицуулалттай. Одоогоор 10 гаруй хувьтай байгаа юм билээ. Бид нийслэлийн Эрүүл мэндийн газраас дахин мэдээлэл авна. Одоо сурагчдын хоёрдугаар улирлын амралт үргэлжилж байна. Амралт долоо хоногийн дараа дуусна. Энэ хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдөх эсэхийг харна" гэснээс хойш хэдэн өдөр өнгөрлөө. Энэ хугацаанд ханиад томууны тархалт эрхэм сайдын хүссэн хэмжээнд очсон эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэвч сурагчдын амралтыг сунгахгүй байх гол шалтгааныг эрхэм сайд УИХ-ын сонгуулийн жилтэй хамааруулж харж байгаа гэдгийг зарим эх сурвалжууд хэлж байна. Зөрүүд сайдыг зөөлрүүлэх тухай хаана хаанаа бодож сурагчдын амралтыг сунгахгүй бол, учир үл мэдэгдэх хачин жигтэй вирусээр үүтгэгдэх ханиад томуу, алаг үрсийн минь бяцхан уушгийг амраахгүй нь байна шүү.
Д.Оюун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ