Дөрвөн зорчигчтой автомашин голын мөсөнд цөмөрчээ

Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн “Булган” голын мөсөн дээгүүр тус сумын харьяат иргэн 35 настай, эрэгтэй Г, гурван зорчигчийн хамтаар “Ландкрузер 80” загварын суудлын автомашинаар зорчиж яваад голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг нэгдүгээр сарын 29-ний өдрийн 23:38 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 38 дугаар ангийн алба хаагч, ар гэрийн нийт 11 хүн, 3 автомашинтай 10 км замыг туулан 01:05 цагт очиж, 37 минут ажиллаж автомашиныг татан гаргажээ. 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ