"Коронавирусаас урьдчилан сэргийлэхэд НЭГ ИХ НАЯД төгрөгийн зардал гарахаар байгаа"

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай нэн шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол цаг минутаар өсч байна. Хэдийгээр Монгол Улсад коронавирусын халдвар бүртгэгдээгүй ч эрсдэл өндөртэй бүс нутгаар нэрлэгдэж байгаа учраас эрүүл мэндийн байгууллагууд болон Засгийн газрын түвшинд урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа юм.

Тодруулбал, Засгийн газраас  болон нийслэлээс шаардлагатай санхүүжилтыг гаргаж, урьдчилан сэргийлж болох бүхий л арга хэмжээг авч байгаа. 

Үүнтэй холбоотойгоор, нийт хэчнээн төгрөгийн зардал гаргаж байгаа талаар Улсын онцгой комиссын орлогч дарга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдоос тодруулахад, "Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлтгэл ажлыг хангахад эхний ээлжид нэг их наяд төгрөгийн зардал гарахаар байгаа. Энэ талаар бид Засгийн газарт танилцуулсан. Нөхцөл байдал цаашдаа яаж үргэлжлэхийг харж байна. Нийт тэдэн төгрөг шаардагдана гэж урьдчилан хэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, коронавирусаас урьдчилан сэргийлэх, орж ирсэн тохиолдолд эмчлэх, зогсоох, бүрэн эдгэртэл тийм хэмжээний хөрөнгө хэрэгтэй байна гэж хэлэхэд хэцүү. Хэн ч тийм тооцоо хийж чадахгүй байх. Гэхдээ Засгийн газраас мэргэжлийн байгууллагууд болон иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу шаардлагатай арга хэмжээнүүдийг санхүүжүүлээд явж байгаа" гэв.

Харин Хотын дарга С.Амарсайханаас нийслэлийн төсвөөс нийт хэчнээн төгрөг зарцуулж байгаа талаар тодруулахад, "Нийслэлийн зүгээс 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарсан бөгөөд 22 заалт бүхий төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа. Цаашид урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 500-600 орчим сая төгрөг нийслэлийн төсвөөс зарцуулах урьдчилсан тооцоо гарсан. Нийслэлээс шаардлагатай төсвийг гаргаад явж байгаа. Цаашдаа ч гаргана" гэв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ