ШУУРХАЙ:Ухань хотоос 31 оюутнаа авчирлаа

     Коронавирусээс болж ДЭМБ-аас нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал зарлаад байгаа. Яг энэ үед БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд орсон Монголын 31 оюутныг эх орондоо авчрах хүсэлтийг БНХАУ-ын тал хүлээн авч,манай улсын агаарын тээврийн хөлгийг хоёрдугаар сарын 1-нд хүлээж авахаа мэдэгдсэн. 

     Тиймээс бэлтгэлээ базаагаад хүлээж байсан “МИАТ” ТӨХК-ийн тусгай үүргийн онгоц нэгдүгээр сарын 31-ний шөнийн 00.30 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас Ухань руу хөөрсөн юм.

      Тусгай чиг үүргийн онгоцонд онцгой байдалд ажиллах үүрэгтэй багийнхан явсан бөгөөд коронавирусын голомтоос монгол оюутнуудаа аваад дөнгөж сая эх орондоо газардлаа. МИАТ компанийн Г.Баатарцогт даргатай экипаж энэ үүргийг гүйцэтгэж байгаа юм.


    Онгоцоор БНХАУ-ын Ухань хотод сурч байсан 30 оюутан, нэг хүүхэд ирлээ. Угтаа бол тус хотод 33 иргэн байсан ч хоёр иргэн нь эх орондоо ирэхгүй гэдгээ албан бичгээр өгсөн тухай Улсын онцгой комиссоос мэдээлсэн юм.

“Тусгай үүргийн онгоцыг задгай талбай дээр ЗОНОЗ, ХӨСҮТ, МХЕГ-ын шинжилгээний баг хүлээн авч, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, автобусаар ХӨСҮТ-д тусгаарлана” гэж тус газрын хэвлэлийн ажилтан мэдээллээ.  

Монголын 31 иргэн болон тэдний авчирсан бүхий л ачаа тээшид халдваргүйтэл, ариутгал хийнэ. Нисэх багийнхныг ч тусгаарлах юм байна.

Тэднийг ХӨСҮТ рүү хөдөлсний дараа МИАТ компанийн ариутгалын баг онгоцыг бас дахин ариутган халдваргүйжүүлж, агаар шүүгчийг шинээр солино гэж мэдэгдлээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ