Д.Нямхүү: Титэм вирусийн сэжигтэй долоон иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна

ЭМЯ-наас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллээрээ "Өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдварын 28251 тохиолдол бүртгэгдэж, 1153 эдгэрч, 564 хүн нас барсан байна. Улс орнууд хилийн хяналтыг сайжруулах, сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх, тусгаарлах арга хэмжээг эрчимтэй авч байна" гэв.
Мөн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны хоёрдугаар сарын 4-нд Дархан-Уул аймагт тусгарлагдсан болон ХӨСҮТ-д тусгаарласан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг буюу шинэ коронавирусийн халдвар илрээгүй.
Өчигдөр буюу 5-нд ХӨСҮТ-д гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Тодруулбал, хоёрдугаар сарын 5-ны Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн Австрали улсын иргэн, Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн манай иргэн, мөн нэгдүгээр сарын 31-нд Замын-Үүд боомтоор галт тэргээр хил нэвтэрч орж ирсэн манай иргэнд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн зовуурьтай учраас манайд хандаж ирсэн.
Хоёрдугаар сарын 5-ны 17:00 цагийн байдлаар ХӨСҮТ-д долоон сэжигтэй тохиолдлыг тусгаарлаад, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийгдэж байна" гэв.
Энэ үеэрээ ЭМЯ-наас сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-ДЭМБ Коронавирусийн халдварыг хэрхэн яаж эмчилж байгаа вэ. Тэр талаар мэдээлэл байна уу?
-Одоогоор өвөрмөц эмчилгээ байхгүй. Вакцин бас гараагүй байгаа. Тиймээс тухайн өвчтөний биеийн байдлаас хамаараад тохирсон эмчилгээ хийнэ. Ер нь хүндэрч байгаа тохиолдол 20 хувь л байгаа. Архаг хууч өвчтэй хүмүүс хүндрэх магадлал ихтэй. Хүндрэл нь уушгины хатгалгаа, амьсгалын дутмаг байгаа учир яг энэ чиглэлээр эмчилгээ хийнэ.
-Хэрвээ ороод ирвэл ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
- Улсын онцгой комисс хуралдсан. Салбар хоорондын төлөвлөгөөг батална. ЭМЯ-ны хувьд энэ халдварын тархалтыг таслан зогсоох, аль болох орж ирэхгүй байхад анхаарна. Орж ирсэн тохиолдолд эрсдэлийг аль болох нас баралтаас сэргийлэх арга хэмжээг авна. Эмнэлгийн бэлэн байдлыг хангах, түүнд шаардлагатай зүйлсийг бэлдэж ажиллана.
-Коронавирус туссан хүнд яг ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Ханиалгах, халуурах, хоёр талын уушигны хатгалгаагаар хүндэрч байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ