"Он гарснаас хойш угаарын хийнд хордож нас барсан тохиолдол гараагүй"

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой болон бусад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа нар мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд 14 өрхөөс дуудлага ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. Он гарснаас хойш угаарын хийнд хордож нас барсан тохиолдол гараагүй бөгөөд дуудлага өгч байгаа байдлаар нь авч үзвэл Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт их байгаа талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэллээ.
Угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордлоо гэх дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагынхан очиж шалгалт хийхэд яндангийн сойлтоо хаасан, зуух ханан пийшингийн холбоос засвартай, битүүмжлэл муу, яндангаа хөөлөөгүй, үнс дүүрсэн зэрэг иргэдийн өөрсдийн аюулгүй байдлаа хангаагүй байдлаас үүдэж угаарын хийнд хордох шалтгаан болж байгааг мөн дурдлаа.
Сүүлийн өдрүүдэд угаар мэдрэгчийг хэрэглэх заавар зөвлөмжийг уншиж танилцаагүйн улмаас дуугарсан тохиолдолд унтраах, агаар сэлгэх арга хэмжээг авалгүй хордлогын шинж тэмдэг илрэх тохиолдол гарч байгаа учраас иргэдийг эрүүл мэнд, амь насаа хамгаалж аюулгүй байдлаа бүрэн хангахыг албаныхан сануулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ